АНУ-ын Техасын их сургуулийн судлаачид хүний оюуны ядаргаа, стрессийг илрүүлэх шинэ технологийг бүтээжээ — энэ бол түр зуурын электрон шивээс. Уг төхөөрөмж нь духан дээр байрлуулж хэрэглэдэг бөгөөд тархины долгионыг уншиж, сэтгэлзүйн болон сэтгэл оюуны ядаргааг тодорхойлох чадвартай.
Шинэлэг төхөөрөмж: Таны ухаан ядарч байгааг илрүүлнэ
Энэхүү утасгүй электрон шивээс нь EEG төхөөрөмжөөс ч илүү нарийвчлалтай ажилладаг гэж судлаачид мэдэгдэв. Нүүрний хэлбэрт тааруулан тусгайлан үйлдвэрлэдэг учраас датчик бүр яг зөв байрлалд байрлаж, өндөр чанартай сигнал хүлээн авах боломжтой.
“Бид олон жилийн турш ажилчдын биеийн гэмтэл, булчин шөрмөсний асуудлыг хянаж ирсэн. Харин одоо оюуны хэт ачааллыг хянах боломж нээгдэж байна. Энэ нь байгууллагууд ажилчдынхаа сэтгэлзүйн эрүүл мэндийг бүрэн хангах шинэ эрин үеийг нээж өгнө”
— профессор Луис Сентис, Техасын их сургууль
Хэрэглээний онцлог:
- Батарейтай үндсэн төхөөрөмж ар талд байрлаж,
- цаас шиг нимгэн датчик духан дээр наагдана
- Хэлбэрээ уян хатан өөрчилдөг бүтэцтэй, хүн бүрийн духанд төгс таардаг
- Тархины долгионыг шууд уншина: тета, дельта (ядаж байгааг илтгэнэ), альфа, бета (сэргэлэн байдал буурсныг илэрхийлнэ)
Туршилтын үеэр зургаан сайн дурын оролцогчид тогтмол өсөх хүндрэлийн түвшинд санах ой шалгах даалгавар гүйцэтгэсэн бөгөөд төхөөрөмж тархины ядаргаа болон стрессийн үндсэн шинжүүдийг амжилттай илрүүлжээ.
“Хүн бүр өөрийн онцлогт тохирсон хамгийн үр дүнтэй оюуны ачааллын түвшинтэй байдаг. Бид энэ тэнцвэрийг олоход нь тусална.”
— профессор Наньшу Лу
Хиймэл оюун ухаантай хосолсон ухаалаг шивээс
Судлаачид уг шивээснээс хүлээн авсан сигнал дээр үндэслэн хиймэл оюун ухааны загвар боловсруулсан бөгөөд уг загвар хүний тархи яг хэзээ хэт ачаалалд орж байгааг урьдчилан таамаглах чадвартай болсон байна.
Үнийн хувьд хэмнэлттэй шийдэл
- Электрон шивээсний үнэ: ~200 ам.доллар
- Нэг удаагийн датчик: ~20 ам.доллар
- EEG төхөөрөмжийн үнэ: ~15,000 ам.доллар
Цаашдын хөгжүүлэлт
Одоогоор уг төхөөрөмж зөвхөн үсгүй арьсан дээр ажиллаж байгаа боловч судлаачид үсэн доорх хэсэгт тохирох бэхэн суурьтай датчик-ийн хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Ингэснээр хүний толгойг бүрэн хамарч, тархины үйл ажиллагааг илүү нарийвчлалтай хянах боломжтой болох юм.
2 сэтгэгдэл
Технологи хэр хол хөгжсөн нь сонирхолтой юм – одоо тархины ядаргааг хүртэл хянах боломжтой болсон!
Үүнийг ажилчдын ашиг тусын тулд бус харин тэднийг хянах зорилгоор ашиглаж эхэлбэл жаахан аймшигтай