Сүүлийн үед банкны нэрийг ашиглан иргэдийн гар утсанд хуурамч мессеж ихээр ирж, цахим залилангийн тохиолдол нэмэгдэж буйг холбогдох байгууллагууд анхааруулж байна. Залилагч этгээдүүд олон оронтой гадаад дугаараас хуурамч линк бүхий мессеж илгээж, иргэдийг интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ бичихийг уриалан, хувийн мэдээллийг нь хууль бусаар олж авч байна.
Иргэн мессежээр ирсэн холбоос дээр дарж, хувийн мэдээллээ оруулах тохиолдолд залилагчид тухайн хүний цахим банк руу нэвтрэх боломжтой болдог. Үүний үр дүнд иргэний данснаас санхүүгийн хохирол үүсэх аюултай.
Энэхүү залилан нь хүмүүсийн анхаарал сул, болгоомжгүй үйлдлийг ашиглан хохирол учруулдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Иймд иргэд өөрийн санхүүгийн аюулгүй байдалд өндөр хариуцлагатай хандах шаардлагатай юм.
Банкнаас дараах зүйлийг анхааруулж байна:
- Харилцагчдаас интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг шаардаж мессеж илгээх тохиолдол хэзээ ч байхгүй.
- Хэрвээ та мессежээр ирсэн холбоос дээр дарж, хувийн мэдээллээ оруулсан бол яаралтай дараах арга хэмжээг авна уу:
- Интернэт банкны нууц үгээ даруй солих;
- Үйлчилгээгээ түр идэвхгүй болгох;
- Харьяа банкны лавлах төвтэй холбоо барих.
Цахим орчинд мэдээллийн аюулгүй байдал хангах нь иргэн бүрийн анхаарах ёстой асуудал бөгөөд сэжигтэй мессеж, холбоосыг даруй устгаж, мэдээллээ хамгаалахыг сануулж байна.