Цюрих дэх Швейцарийн Холбооны Технологийн Хүрээлэн (ETH Zurich)-ийн судлаачид батарей, утастай холболт шаардалгүйгээр шингэн орчинд хөдөлж чаддаг 4 см өргөнтэй, загас хэлбэрийн бичил робот бүтээжээ. Судалгааны үр дүн Nature сэтгүүлд “Хэт авиан тусламжтайгаар удирддаг программчлагдах хиймэл булчингууд” гарчигтайгаар нийтлэгдсэн байна.
Хэт авиагаар алсаас “булчин”-г нь хөдөлгөнө
Энэхүү робот шингэн дотор сэрвээний долгионт хөдөлгөөнтэй төстэй хэлбэрээр урагшилдаг. Онцлог нь цахилгаан тэжээл (батарей) ашиглахгүй, мөн кабель холболтгүйгээр удирдагддагт оршиж байна. Энэ нь силикон мембраны нүх сүвэнд хадгалагдсан агаарын бичил бөмбөлгүүдэд хэт авианы долгионоор нөлөөлөх зарчмаар ажиллаж аж.
Мембраны нүх сүвийн гүн нь миллиметрийн аравны нэг хэмжээтэй бөгөөд хэт авианы дохионд үзүүлэх хариу үйлдлийн хугацаа миллисекундээр хэмжигдэхүйц хурдан гэж мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, гаднаас өгсөн хэт авианы дохио мембраны хэлбэрийг шууд өөрчилж, үүний үр дүнд роботын хөдөлгөөнийг бий болгодог байна.
Бөмбөлгийн хэмжээ өөр байвал хөдөлгөөнийг “программчилна”
Хөдөлгөөний хэлбэр нь бичил бөмбөлгүүдийн зохион байгуулалт, хэмжээнээс шууд хамаардаг. Судалгаанд тайлбарласнаар:
- Ижил хэмжээтэй бөмбөлгүүдийг ашиглавал мембран хэт авианы дохионы далайцын өөрчлөлтөөс шалтгаалан нугарч, хөдөлгөөний нэг төрлийн хариу үзүүлнэ.
- Харин өөр өөр хэмжээтэй бөмбөлгүүд өөр өөр давтамжид идэвхжих тул мембран дээр долгионт хөдөлгөөн үүсгэх боломжтой.
Энэ зарчим нь “хиймэл булчин”-г хэт авианы дохионы давтамж, далайцаар удирдаж, нэг төхөөрөмж дээр олон төрлийн хөдөлгөөний горим гаргах нөхцөлийг бүрдүүлж байна. Судалгааг профессор Даниел Ахмедын удирдсан баг цуврал туршилтаар баталгаажуулсан байна.
Атгагч, “дугуй”, эмтэй наалт зэрэг туршилтууд
Ижил суурь технологи дээр тулгуурлан судлаачид өөр зориулалттай хэд хэдэн туршилтын загварыг боловсруулжээ.
Тухайлбал, жижиг атгагч төхөөрөмжөөр загасны түрсийг гэмтээлгүйгээр барьж авах туршилт. Мөн янз бүрийн хэмжээтэй бөмбөлөгтэй роботын “дугуй” хэлбэрийн хувилбарыг алсаас удирдан гахайн мушгирсан гэдсээр дамжуулсан туршилт хийжээ.
Үүнээс гадна хэт авиагаар идэвхэждэг эмтэй наалт (patch) боловсруулж, эд дээр туршсан тухай мэдээлсэн байна. Энэ нь зөвхөн хөдөлгөөн төдийгүй “идэвхжүүлэх” үйлдлийг алсаас хийх боломжтойг харуулж байна.
Залгидаг капсулд байрлуулах боломжийг судалж байна
Судалгаанд дурдсанаар, роботыг скат загас шиг нугалж, өвчтөн залгиж болох уусдаг капсулд хийж болдог хувилбарын чиглэл ч яригдаж байна. Ийм хувилбар нь эм, эмчилгээний бодисыг ходоод гэдэсний замд тодорхой цэг рүү хүргэх зорилготой гэж тайлбарлажээ.