Зургадугаар сарын 28-нд Бээжин хотод технологийн сонирхогчдын анхаарлыг татсан содон үйл явдал болж өнгөрлөө. Хүн дүрст роботуудын оролцоотой 3х3 хөлбөмбөгийн тэмцээн зохиогдсон бөгөөд энэ нь хөгжилтэй, инээдтэй хэрнээ хиймэл оюун ухааны хөгжлийн түвшинг харуулсан технологийн чухал туршилт байв.
Тоглолтын үеэр робот тоглогчид болхи, удаан хөдөлгөөнтэй байж, зарим нь дээр дээрээсээ унаж, хамгаалалт бараг анзаарагдаагүй ч тэмцээнийг бүрэн автомат хиймэл оюун ухаанаар удирдуулсан нь онцлог байлаа. Роботууд тусгай камерын тусламжтайгаар бөмбөг болон орчныг мэдрэх чадвартай байсан бөгөөд унасны дараа өөрсдийгөө босгохоор програмчлагдсан. Гэвч зарим тохиолдолд робот тоглогчдыг хүн шиг дамжиж гаргах шаардлага гарч байв.
Ийм төрлийн хөгжүүлэлт нь олон тэрбум ам.доллараар үнэлэгдэх хөрөнгө оруулалттай холбогдож байгаа юм. Хятадын роботын зах зээл 2024 оны байдлаар 47 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй бол энэ хэмжээ жилд 23 хувиар өссөөр 2028 он гэхэд 108 тэрбумд хүрнэ гэсэн тооцоо бий.
Мөн Хятад улс 2050 он гэхэд нийт 302.3 сая хүн дүрст роботыг хэрэглээнд нэвтрүүлэх зорилго тавиад байгаа нь АНУ-ын 77.7 сая роботын тооноос хол давсан үзүүлэлт юм. Эдгээр роботуудыг голчлон үйлдвэрийн автомат ажиллагаанд ашиглахаар төлөвлөжээ.
Хүн дүрст роботуудын спортын оролцоо зөвхөн хөлбөмбөгөөр хязгаарлагдахгүй. Өмнө нь дөрөвдүгээр сарын 21-нд мөн Бээжинд болсон хагас марафонд 21 робот оролцсоноос ердөө зургаа нь барианд орж чадсан байна.
Харин ирэх наймдугаар сарын 15-17-нд Хятадад болох Дэлхийн хүн дүрст роботуудын наадмын хүрээнд гимнастик, хөлбөмбөг зэрэг 11 төрлийн тэмцээн зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Энэ нь хүн дүрст роботын спорт дахь оролцоог дараагийн түвшинд гаргах шинэ алхам болно.

