1990-ээд оны сүүлээр анх танилцуулагдсан Bluetooth технологи нь богино зайд утасгүй холболтын цоо шинэ арга замыг санал болгож, технологийн салбарт хувьсал авчирсан. Wi-Fi, USB зэрэг нь өмнөх шийдлүүдээ сайжруулсан бол Bluetooth нь бүрэн шинэ үзэл баримтлал байв. Өнөөдөр утасгүй чихэвч, чанга яригч, ухаалаг цаг зэрэг төхөөрөмжүүд бүгд Bluetooth-д тулгуурладаг. Харин тун удахгүй энэхүү стандарт бүр илүү ухаалаг, найдвартай болох гэж байна.
Bluetooth 6.1-ийн гол шинэчлэлтүүд:
Bluetooth SIG (Special Interest Group) байгууллага Bluetooth стандартын үзүүлэлтүүдийг тогтмол шинэчилдэг. Шинэчилж буй 6.1 хувилбар нь гайхалтай шинэ функцүүдийг амлахгүй ч бодит амьдралд чухал ач холбогдолтой дараах сайжруулалтуудыг багтаажээ:
1. Илүү найдвартай хамгаалалт: Хаяг тасралтгүй өөрчлөгдөнө
Bluetooth төхөөрөмжүүд байнга дохио дамжуулж байдаг нь хэрэглээнд хялбар ч, хувийн мэдээлэлд эрсдэл учруулж болзошгүй. Bluetooth 6.1 хувилбарт Randomized RPA (Random Private Address) хэмээх шинэ механизм нэвтэрч байгаа бөгөөд энэ нь төхөөрөмжийн MAC хаягийг тогтмол санамсаргүйгээр өөрчилдөг. Ингэснээр тухайн төхөөрөмжийг мөрдөх, таних оролдлого үлэмж төвөгтэй болж, хэрэглэгчийн нууцлал сайжирна.
Энэ нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах чиглэлд хийгдэж буй томоохон ахиц юм.
2. Батарей бага зарцуулна
Хэдийгээр нарийн үзүүлэлт хараахан ил болоогүй ч шинэ идентификацийн арга нь цэнэгийн хэрэглээг бууруулах боломжтой. Энэ нь ялангуяа ухаалаг бугуйвч, чихэвч зэрэг жижиг төхөөрөмжүүдийн хувьд том давуу тал болж чадна. Хамгийн бага түвшний хэмнэлт ч урт хугацаанд хэрэглэгчийн хувьд мэдэгдэхүйц байх болно.
Bluetooth 6.1 дэмжих төхөөрөмжүүд хэзээ гарч эхлэх вэ?
Шинэ стандарт гарсны дараа төхөөрөмж үйлдвэрлэгчдэд дасан зохицох хугацаа хэрэгтэй. Bluetooth SIG-ийн зүгээс хэрэглэгчдэд “6.1” гэсэн тоон хувилбарыг бус, харин шинэ боломжуудыг онцлохыг зөвлөдөг. Гэсэн ч ойрын саруудад гар утас, чихэвч, дагалдах төхөөрөмжүүд Bluetooth 6.1-ийг дэмжин гарч эхэлнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Тасралтгүй хөгжиж буй технологи
Хэдий томоохон дуулиант шинэчлэл биш ч Bluetooth стандарт үе шаттайгаар ахиж, хэрэглэгчийн аюулгүй байдал болон эрчим хүчний хэмнэлтийг нэн тэргүүнд тавьж байна. Bluetooth 6.1 нь таны төхөөрөмжүүд илүү аюулгүй, бат бөх, батерейд ээлтэй байх боломжийг илтгэж байна.