Британийн Space Solar: Орбит дээрх нарны хавтангууд газрынхаас 13 дахин илүү үр ашигтай эрчим хүч нийлүүлнэ

нийтлэгч Содном Энхбаяр
British Space Solar

Британийн Space Solar стартап нарны эрчим хүчийг сансраас шууд дэлхий рүү дамжуулах технологийн туршилтаа амжилттай дуусгаснаа зарлалаа. Уг систем нь цаг агаар, өдрийн, шөнийн хязгаарлалтгүйгээр тогтмол эрчим хүч нийлүүлэх боломжтой хэмээн тус компани онцолж байна.

Space Solar компанийн мэдэгдсэнээр, тэдний орбит дээрх нарны хавтангууд газрынхаас 13 дахин илүү үр ашигтай аж. Учир нь сансарт шөнө, үүл, агаар мандлын саад байхгүй тул нарны гэрэл тасралтгүй, өндөр үр ашигтайгаар хуримтлагддаг юм.

Тэдний 18 сарын хугацаанд хэрэгжүүлсэн, 2.26 сая ам.долларын өртөг бүхий “Cassidi” төсөл нь Их Британийн сансрын агентлаг болон Эрчим хүчний аюулгүй байдлын яамны дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжжээ. Төслийн хүрээнд Space Solar компанийн гол технологиудыг сайжруулж, орбит дээрх нарны эрчим хүчийг дэлхий рүү утасгүйгээр дамжуулах системийг бүрэн боловсруулсан байна.

Төслийн үр дүнд 1700 хуудсаас бүрдэх иж бүрэн техник технологийн төлөвлөгөө бэлэн болж, “Cassiopeia” нэртэй модульчлагдсан нарны хиймэл дагуулын загварыг боловсруулсан. Тэдний Harrier загварын туршилтын төхөөрөмж технологийг амжилттай баталгаажуулсан бөгөөд, уг систем нь хөдөлгөөнт эд анги ашиглахгүйгээр 360°-ын хүрээнд эрчим хүчний туяа чиглүүлэх чадвартай болжээ.

Ирээдүйд Cassiopeia хиймэл дагуул сансрын станц дээр нарны гэрлийг хүлээн авч, өндөр давтамжийн радио долгионоор дэлхий рүү утасгүйгээр эрчим хүч дамжуулах болно. Space Solar компани ирэх 5 жилийн хугацаанд мегаваттын түвшний туршилтын системийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд 12 жилийн дотор 30 МВт-аас ГВт түвшинд өргөжүүлэх төлөвтэй байна.

Тэдний хэлснээр энэ төсөл нь цэвэр эрчим хүчний салбарт шинэ парадигмийг нээж, 2030 он гэхэд орбитын нарны эрчим хүчийг арилжааны түвшинд өргөн хэрэглэх боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.