Хиймэл оюун ухаан өдөр тутмын амьдралд хувийн туслахын үүргийг гүйцэтгэх болсонтой зэрэгцэн, хэрэглэгчид кибер аюулгүй байдлын асуудлыг AI-гаас асуух нь улам нэмэгдсээр байна. Гэвч NordVPN-ийн саяхны судалгаагаар энэ хандлага нь аюулгүй байдлын ноцтой эрсдэл дагуулж болохыг анхааруулжээ.
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь фишинг халдлагыг хэрхэн илрүүлж, сэргийлэх талаар AI-аас зөвлөгөө авдаг нь энэ төрлийн цахим залилангаас хамгийн их болгоомжилж байгааг харуулж байна. Түүнчлэн VPN сонголт, хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах талаар AI-аас идэвхтэй зөвлөгөө авч буй нь нийтлэг үзэгдэл болсон байна. Эерэг тал нь хэрэглэгчид хиймэл оюун ухааныг ашиглан хортой программ илрүүлэх, сэргийлэх арга замыг сонирхож байгаа явдал юм.
Гэхдээ судалгаанд дурдсанаар зарим хачирхалтай асуултууд хэрэглэгчдийн кибер мэдлэг дутмаг байгааг харуулж байна. Жишээ нь: “Миний бодлыг ухаалаг утсаар уншиж чадах уу?”, “Устгах товчийг дарахад вирус үхэх үү?” гэх мэт. Түүнчлэн хэрэглэгчид хакерууд шивнээ сонсож байна гэж сэжиглэх, аадар борооны үед утсаа цэнэглэгчтэй холбохоос эмээх зэрэг хийсвэр айдаст автдаг нь ч тэмдэглэгджээ.
NordVPN компанийн техникийн захирал Мариус Бридис “Эдгээр асуултууд хэтэрхий этгээд мэт санагдаж болох ч, үнэн хэрэгтээ олон нийтийн дунд кибер аюулгүй байдлын талаарх ойлголт хангалтгүй байгааг илтгэж байна. Үүнээс үүдэн тэд цахим халдлага, залиланд илүү өртөмтгий болдог” хэмээн онцолсон байна.
Түүнчлэн AI чатботтой харилцахдаа хэрэглэгчид нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, банкны картны дугаар, нэвтрэх нууц үг зэрэг хувийн мэдээллээ хуваалцдаг нь анхаарал татаж буй. Энэ нь зөвхөн хувийн аюулгүй байдалд төдийгүй санхүүгийн болон мэдээллийн ноцтой эрсдэл үүсгэж болзошгүй юм.