Counter Strike 2 (CS2) тоглоомын 2025 оны хамгийн том тэмцээн болох “BLAST.tv Austin Major” АНУ-ын Даллас хотод эхэллээ. Тус тэмцээний нэгдүгээр шатанд 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсын төлөөлөл “Chinggis Warriors” баг анхны тоглолтуудаа хийсэн ч харамсалтайгаар хожигдлоо.
“Chinggis Warriors” баг эхний тоглолтоо Норвегийн нэр хүндтэй “HEROIC” багтай Vo1 буюу нэг газрын тоглолтоор хийж, 7:13 гэсэн харьцаатайгаар ялагдсан байна. Үүний дараа тэд өглөөний 07:00 цагт Бразилын “Legacy” багтай мөн адил Vo1 форматаар тоглож, 10:13 онооны харьцаатай хожигдлоо. Ийнхүү хоёр дараалсан ялагдал хүлээснээр тус баг дараа дахин нэг удаа хожигдвол тэмцээнээ өндөрлүүлэх нөхцөлд орж байна. Харин дараалан гурван тоглолтод ялалт байгуулж чадвал дараагийн шатанд шалгарах боломжтой хэвээр байна.
Ирэх тоглолтод “Chinggis Warriors” баг мөн хоёр ялагдал хүлээгээд буй Бразилын “Fluxo” багтай учраа таарсан бөгөөд маргааш үүрийн 05:00 цагт Bo3 буюу гурван газрын тоглолтоор өрсөлдөнө. Энэ хоёр баг өмнө нь хоорондоо тоглож байгаагүй бөгөөд уг тоглолтын ялагдагч нь тэмцээнээс хасагдах юм.
1.2 сая ам.долларын шагналын сантай “BLAST.tv Austin Major 2025” тэмцээнд нийт 32 баг гурван шатлалаар өрсөлдөж байна. Шат бүр тойргийн журмаар явагдаж, сүүлийн шат буюу Playoffs-д нийт найман баг шалгарах юм. Түрүүлсэн баг 500,000 ам.долларын шагнал хүртэх бол хоёрдугаар байр эзэлсэн баг 170,000 ам.доллар, гурав болон дөрөвдүгээр байрт шалгарсан багууд тус бүр 80,000 ам.доллар хүртэх зохицуулалттай.