Монголын “Chinggis Warriors” баг Counter-Strike 2 (CS2) тоглоомын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “BLAST.tv Austin Major 2025”-т анх удаа оролцон, ДАШТ-ийн эхний шатнаас тэмцээнээ өндөрлүүллээ. Энэхүү тэмцээн АНУ-ын Даллас хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай баг дөрөв дэх тоглолтоо Хятадын “Lynn Vision Gaming” багтай хийж, 1:2 харьцаатай ялагдал хүлээсэн юм.
Тоглолтын дэлгэрэнгүйд дурдвал, “Chinggis Warriors” баг өөрсдийн сонгосон “Inferno map” дээр 9:13 оноогоор дийлдсэн бол “Lynn Vision”-ийн сонгосон “Nuke map” дээр 13:10-аар ялалт байгуулсан. Харамсалтай нь шийдвэрлэх “Ancient map”-ийн нэмэлт үед 13:16 онооны харьцаагаар хожигдсон бөгөөд энэ нь тэдний тэмцээнийг өндөрлүүлэх шалтгаан болсон.
Энэхүү ДАШТ-д гурван тоглолт дараалан ялагдал хүлээсэн “Chinggis Warriors” баг 25-27 дугаар байрт бичигдэж, 5,000 ам.долларын шагнал хүртэж байна. Тэд дэлхийн чансаагаар одоогоор 37-р байрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсаас ДАШТ-д хоёр баг зэрэг оролцсон анхны тохиолдол болсон юм.
Харин “The MongolZ” баг тус тэмцээний гурав дахь шатнаас буюу шөвгийн 16 багийн шатнаас тоглолтоо эхлүүлэх бөгөөд тэд зургаадугаар сарын 13-ны шөнийн 01:30 цагт хоёрдугаар шатнаас шалгарсан нэгэн багтай “BO1” (нэг map-аар ялагч тодруулах) тоглолтоор хүч үзэх хуваарьтай байна.
Монголын esports-ийн түүхэнд “Chinggis Warriors” багийн энэ амжилт нь анхдагч, ирээдүйд илүү том шат руу алхах суурийг тавьж буй чухал үйл явдал боллоо.