Cyberpunk: Edgerunners II — Netflix, CD Projekt RED-ийн шинэхэн тизер цацагдлаа

нийтлэгч Содном Энхбаяр
Cyberpunk: Edgerunners II — Netflix, CD Projekt RED-ийн шинэхэн тизер цацагдлаа

CD Projekt RED болон Netflix хамтран “Cyberpunk: Edgerunners II” анимэ цувралын хоёрдугаар ангийг албан ёсоор зарлаж, анхны тизер бичлэгийг танилцууллаа. Энэхүү шинэ бүлэг нь Cyberpunk 2077 ертөнцөд өрнөх бие даасан, цоо шинэ түүхээр үзэгчдийн өмнө ирэх юм.

Цувралын бүтээлч багт өмнөх улирлын уран бүтээлчид дахин нэгдэж байна. Найруулагчаар Кай Икараши ажиллаж, зохиолын бүтцийг Масахико Отсука боловсруулж байна. Гол дүрийн дизайныг “Promare” болон анхны “Edgerunners”-т оролцсон Канно Ичиго хариуцаж байгаа бол зохиолч, продюсер, нэвтрүүлэгчийн үүргийг CDPR-ийн Бартош Стибор гүйцэтгэж байна.

Тизерт “Дэлхий ертөнц үзэгдлээс болж сохрох үед та түүхээ чухал болгохын тулд ямар туйл руу явах ёстой вэ?” гэсэн асуултаар эхэлж, “Дэвид үхсэн. Харин Шөнийн хот амьд” гэх өгүүлбэрээр үргэлжилдэг. Үүний үндсэн дээр шинэ бүлэг өмнөх ангийн түүхийг үргэлжлүүлэхгүй, харин Cyberpunk 2077-ийн ертөнцөд өрнөх 10 ангит шинэ адал явдлаар бүрдсэн болох нь тодорхой болж байна.

Бартос Стибор цувралын тухайд “Дэвидийн түүх дуусч магадгүй, гэхдээ Шөнийн хотод олж нээх олон зүйл бий. Домогт Trigger студийн буцалтгүй эргэн ирэлт бидэнд энэ удаа гэмшил, өшөө авалтын шинэ түүхийг өгүүлэх боломжийг олгож байна” хэмээн онцолжээ.

Анхны “Cyberpunk: Edgerunners” цуврал 2022 оны 9-р сард цацагдсан бөгөөд фенүүд болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, тухайн үед тоглоомын нэр хүндийг сэргээж, Cyberpunk 2077 руу тоглогчдыг эргүүлэн татахад томоохон нөлөө үзүүлсэн. Одоогоор хоёрдугаар ангийн нээлтийн тов гараагүй байгаа ч “бэлэн болмогц Netflix”-ээр цацагдана хэмээн мэдээлж байна.

Мөн энэ бүхний зэрэгцээ CD Projekt RED “Cyberpunk 2” тоглоомын хөгжүүлэлтийг эхлүүлээд байгааг ч баталсан юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.