Цагаан ордон албан ёсоор TikTok-д нэгдлээ

нийтлэгч Содном Энхбаяр
Цагаан ордон албан ёсоор TikTok-д нэгдлээ

АНУ-ын засгийн газрын төв байгууллага болох Цагаан ордон мягмар гарагт өөрийн албан ёсны TikTok хаягтай болжээ. Энэ үйл явдал нь уг аппликейшний хувь заяа тодорхойгүй хэвээр байгаа, “Bytedance” компанийг Америкийн худалдан авагчдад зарах эсвэл АНУ-д TikTok-ыг бүрмөсөн хаах хууль хүчин төгөлдөр болох хугацаа ойртож буйтай давхцаж байна.

Ерөнхийлөгч асан Жо Байдены засгийн үед батлагдсан энэхүү хууль хэрэгжиж эхлэх хугацааг Ерөнхийлөгч Дональд Трамп хэд хэдэн удаа сунгасан. Түүний хамгийн сүүлчийн шийдвэрийн дагуу хугацаа 2025 оны есдүгээр сарын 17-нд дуусах юм.

АНУ-ын Конгрессын хоёр намын дэмжлэгтэйгээр гарсан шийдвэрийн гол шалтгаан нь TikTok Хятадын компанийн эзэмшилд байгаатай холбоотой үндэсний аюулгүй байдлын эрсдэл юм. Гэсэн ч хугацааг хойшлуулснаар Америкийн 170 сая хэрэглэгч уг платформыг одоогоор ашигласаар байна.

Цагаан ордон албан ёсны аккаунтаа нээснээр TikTok АНУ-д бүрмөсөн хориглогдохгүй байж магадгүй гэсэн таамаг нэмэгдэв. Хаягт нийтлэгдсэн хамгийн эхний бичлэгт Дональд Трамп “Өдөр бүр би энэ улсын ард түмэнд илүү сайхан амьдралыг бэлэглэх зорилго тээн сэрдэг. Би бол та бүхний дуу хоолой” хэмээн мэдэгджээ. Мөн нийтлэлийн тайлбарт “Бид эргэн ирлээ! TikTok-оор сонин юу байна?” гэж бичсэн байна. Хаяг нээгдсэн эхний өдөр оройн 20:00 цагийн байдлаар 20 мянга гаруй дагагчтай болжээ.

Энэ нь АНУ-ын засаг захиргааны түүхэнд нээгдсэн хамгийн анхны албан ёсны TikTok хаяг болж байна. Өмнө нь Дональд Трамп болон Жо Байден нар 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тус платформд өөрийн хаяг нээж байсан ч тэдний аль аль нь TikTok-ыг үндэсний аюулгүй байдалтай холбон шүүмжилж байжээ.

АНУ-ын тал Хятадын хууль тогтоомж TikTok дахь хэрэглэгчдийн мэдээлэлд хандах боломж олгож магадгүй гэж болгоомжилж буйгаа илэрхийлсээр ирсэн. 2024 онд Байден гарын үсэг зурсан хуулийн дагуу уг аппликейшнийг худалдах эсвэл хориглох шийдвэр хүчин төгөлдөр болж, түр хугацаанд хаагдахад олон мянган контент бүтээгчид эсэргүүцэж байсан юм. Харин Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа уг хууль хэрэгжиж эхлэх хугацааг гурван ч удаа хойшлуулсан билээ.

Холбоотой нийтлэлүүд

2 сэтгэгдэл

Мунгэту 8 сар 20, 2025 - 4:41 pm

Цагаан ордон хүртэл TikTok нээж байна гэхээр платформ бүр мөсөн хаагдахгүй байх магадлалтай юм шиг

Дэлгэрэнгүй унших Reply
Баялун 8 сар 20, 2025 - 4:52 pm

20 мянган дагагчийг эхний өдөртөө авна гэдэг үнэхээр хурдан өсөлт байна

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.