Цахим бодит байдал ба зэвсэглэл: Meta АНУ-ын армид зориулсан AR төхөөрөмж бүтээж байна

нийтлэгч Содном Энхбаяр
Meta

Meta компани АНУ-ын армийн зориулалттай дэвшилтэт AR төхөөрөмж боловсруулах 100 сая ам.долларын тендерт оролцож байгааг The Wall Street Journal мэдээллээ. Энэхүү “EagleEye” нэртэй төслийг Meta компани Anduril Industries хэмээх батлан хамгаалахын чиглэлээр мэргэшсэн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд зорилго нь нэмэгдүүлсэн болон виртуал бодит байдлын (AR/VR) технологид суурилсан цэргийн хэрэглээний төхөөрөмжүүд — шлем, нүдний шил зэрэг — үйлдвэрлэхэд оршино.

EagleEye төсөл нь АНУ-ын армийн өмсдөг технологийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд явагдаж буй бөгөөд нийт 22 тэрбум ам.долларын төсөвтэй энэ санаачилгын гол гүйцэтгэгчээр Anduril ажиллаж байна. Хэдийгээр гэрээ албан ёсоор байгуулагдаагүй байгаа ч төслийн үнэ цэнэ 100 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа юм.

Төхөөрөмжүүд нь цэргүүдийн хараа, сонсголыг сайжруулах зориулалттай мэдрэгчүүдээр тоноглогдож, алс холын зайд дроны илрүүлэлт болон далд байнуудыг илрүүлэх боломжийг олгоно. Үүнээс гадна, цэргүүд хиймэл оюун ухаанд суурилсан зэвсгүүдтэй шууд харилцах чадвартай болох аж. EagleEye систем нь Anduril-ийн боловсруулсан автоном программ хангамж болон Meta-ийн AI загварууд дээр тулгуурлана.

Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг уг төсөл нь “АНУ-ын дотоод, гадаад аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулна” хэмээн онцолсон. Харин Anduril компанийн үүсгэн байгуулагч Палмер Лакі “бид зөвхөн Meta-г биш, томоохон технологийн компаниудыг ч цэргийн хамтын ажиллагааны ач холбогдолд итгүүлж чадсан” гэж мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд Anduril нь нийт 6 тэрбум ам.долларын төрийн гэрээ байгуулж, цэргийн технологийн салбарт байр сууриа бататгаад байгаа юм. Лакигийн хэлснээр, АНУ цаашид “дэлхийн цагдаа” биш, харин “дэлхийн зэвсгийн дэлгүүр” байх ёстой.

Энэхүү төсөл нь Палмер Лакигийн цэргийн технологид эргэн орж буй чухал алхам болж байна. Oculus VR-ийг үүсгэн байгуулж, улмаар Meta-д зарагдсан ч 2017 онд улс төрийн маргааны улмаас тус компаниас халагдаж байв. Харин өнөөдөр түүнийг Марк Цукербергтэй дахин хамтран ажиллаж байгааг олон хүн улс төрийн дэмжлэгтэй холбон харж байна. Лакигийн хэлснээр, тэр “эцэст нь бүх тоглоомуудаа буцаан авсан”.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.