Сүүлийн үед цахим луйварчид хэрэглэгчийн хувийн мэдээлэл, гэрийн хаяг, зургийг ашиглан айдас төрүүлж, мөнгө нэхэх шинэ төрлийн залилангийн арга хэрэглэж эхэлжээ. Ихэнх тохиолдолд и-мэйлээр дараах агуулгатай сүрдүүлэг ирдэг:
“Чи надад юу байгааг төсөөлөх ч үгүй. Би чиний ичгэвтэр бичлэгүүдийг мэднэ, бүхнийг бичиж авсан…”
Эдгээр залилан нь таныг Bitcoin болон бусад шилжүүлгийн платформоор мөнгө төлүүлэхийг албаддаг. Ийм аюултай нөхцөлд орохоос хэрхэн сэргийлэх, мөн хэрвээ тийм зүйл тохиолдвол яах ёстойг мэргэжилтнүүд дараах байдлаар зөвлөж байна.
1. Гэрийн зургийг шалгах
И-мэйлд хавсаргасан зураг үнэхээр таны гэрийн зураг мөн эсэхийг Google Maps Street View-тэй харьцуулан шалгаарай. Тусгайлан танд зориулсан мэт харагдаж болох ч үнэндээ интернетээс татаж авсан зураг байх магадлал өндөр. APIContext компанийн захирал Жэйми Бекланд ч мөн энэ аргаар гэрийн зураг нь хуулбар болохыг илрүүлсэн байна.
2. И-мэйлийн хаяг, домэйн шалгах
Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Ал Иверсон дараахийг зөвлөж байна:
- Илгээгчийн и-мэйл хаяг албан ёсны байгууллагын домэйнтэй тохирч байгаа эсэхийг шалгах
- Gmail ашиглаж байгаа бол “Show Original” цэсийг сонгож SPF, DKIM, DMARC баталгаажуулалтыг харах
- Эдгээрт “PASS” гэж гарвал тухайн и-мэйл үнэн байх магадлалтай. Харин “FAIL” бол сэжигтэй
3. Үл таних холбоос дээр бүү дар
Loop8 компанийн үүсгэн байгуулагч Зариф Мегердичяны онцолсноор, хуурамч и-мэйл доторх холбоосууд, ялангуяа төлбөрийн холбоосууд хамгийн аюултай. Bitcoin, Zelle, Cash App гэх мэт платформоор төлбөр хийсэн тохиолдолд буцаах ямар ч боломжгүй.
4. Нууц үгээ шинэчилж, хамгаалалтаа сайжруулах
Pvotal Technologies-ийн гүйцэтгэх захирал Яшин Манраж дараах алхмуудыг зөвлөж байна:
- Шинэ и-мэйл хаяг үүсгэж, банк, төлбөрийн платформуудаа шилжүүлэх
- Хэрэгцээтэй тохиолдолд хууль хяналтын байгууллага (орон нутгийн цагдаа, FBI гэх мэт)-д хандах
- Гэр бүл, ойр дотныхондоо мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэх
- Скаммертай огтхон ч харилцахгүй байх
5. Интернэт хэрэглээгээ хамгаалах
- VPN ашиглан интернет холболтоо хамгаалах
- Найдвартай нууц үг хадгалагч хэрэглэх
- Виртуал дугаар болон хувийн мэдээллийг зөвхөн найдвартай платформ дээр ашиглах
- Хамгийн чухал нь, мэдээллээ хаана, хэзээ, яах гэж өгч байгаагаа байнга нягтлах
Мегердичяны хэлснээр:
“Энэ мэдээллийг өгөх зайлшгүй шаардлага байгаа юу гэдгээ өөрөөсөө үргэлж асууж бай. Өөрийн мэдээллийг хамгаалах нь таны хариуцлага юм” гэжээ.
1 сэтгэгдэл
Анхааруулга өгсөнд баярлалаа! Өнөө үед урхинд орох нь маш амархан, ялангуяа өндөр настай хүмүүст