Цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногт залилах гэмт хэргийн шинжтэй 164 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, телеграмм дээр цахим орчноос цагийн ажил хийлгэж мөнгө өсгөх, урамшуулал олгох, бараа бүтээгдэхүүн зарна, автомашины дагалдах хэрэгсэл болон сэлбэг худалдана гэсэн заруудыг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Мөн өчигдөр буюу нэгхэн хоногийн өмнө, телеграмм хаягаар даалгавар биелүүлнэ гэсэн зарын дагуу нэг иргэн 11 сая төгрөгийг залилуулжээ.
Залилагч нь тухайн хүний мэдээллийг авч, нэг цагт 500 мянган төгрөг олж, бүх даалгавар биелүүлсний дараа өсгөсөн мөнгө нь банкны данс руу шууд шилжих боломжтой гэж хуурч итгүүлдэг байна. Үүний дараа даалгавар биелүүлж, мөнгө нь өсөж байгаа мэтээр хуурамч сайтуудаар харуулж, өгсөн даалгавраа биелүүлсэн тохиолдолд 10-30 хувиар өсөх боломжтой гэж итгүүлдэг аж.
Иймд энэ төрлийн зар, мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягтлан, үл таних хүнд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.