DDR5 төрлийн оператив санах ойн үнэ дотоод болон олон улсын зах зээлд мэдэгдэхүйц буурч эхэллээ. Amazon, Newegg зэрэг платформууд дээр 32 ГБ багтаамжтай, 6400 МГц хурдтай зарим загварын үнэ 110 ам.доллараас дээш хэмжээгээр буурч, 379.99 ам.долларт хүрсэн байна.
Эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үнэ бууруулав
Үнийн бууралтын гол шалтгааныг эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсантай холбон тайлбарлаж байна. Өмнө нь өндөр байсан үнэ зах зээлийг сааруулж, борлуулалт оргил үеэсээ 60 гаруй хувиар буурсан нь нийлүүлэгчдийг хуримтлагдсан нөөцөө идэвхтэй борлуулахад хүргэжээ.
Мөн гуравдугаар сарын 26-нд Google компанийн танилцуулсан TurboQuant алгоритм нөлөөлсөн байна. Энэ технологи нь хиймэл оюуны загваруудад шаардлагатай санах ойн хэмжээг дор хаяж 60 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа нь салбарын компаниудын хувьцаанд савлагаа үүсгэж, үнийн өөрчлөлтийг хурдасгасан байна.
Зах зээлийн шинэ чиг хандлага
LOFIC зэрэг шинэ технологиуд одоогоор нийт эрэлтэд хүчтэй нөлөө үзүүлэхгүй байгаа ч зах зээлд шинэ тэнцвэр бүрэлдэж байгааг шинжээчид онцолж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадал тогтворжихын хэрээр DDR5 санах ойн үнэ цаашид буурах хандлагатай гэж үзэж байна.
Хэдийгээр үнэ буурсан ч DDR5 санах ой харьцангуй өндөр үнэтэй хэвээр байна. Цаашдын өөрчлөлт нь зах зээлийн бодит эрэлт, үйлдвэрлэлийн тогтвортой байдал болон AI-д шаардлагатай санах ойн хэрэгцээ буурах эсэхээс шалтгаалах юм.