Америкийн Alef Aeronautics нэртэй гарааны компани Калифорни мужийн Цахиурын хөндий дэх өөрийн үйлдвэрт дэлхийд анх удаа цахилгаан хөдөлгүүрт нисдэг машины үйлдвэрлэлийг эхлүүлснээ мэдээлжээ.
2015 онд байгуулагдсан энэ компани Tesla болон Bitcoin-ы анхны хөрөнгө оруулагчдын нэг Тим Дрейперийн дэмжлэгтэйгээр 2016 онд туршилтын загвараа бүтээж, 2018 онд бүрэн хэмжээний туршилтын нислэгийг амжилттай хийсэн байна. Улмаар 2023 онд АНУ-ын Иргэний нисэхийн удирдлагаас нислэгийн гэрчилгээ авснаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлийн шатанд оруулах боломж бүрджээ.
Alef компанийн захирал Жим Духовны “Анхны нисдэг машины үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу эхэллээ. Тэсэн ядан хүлээж буй хэрэглэгчдэдээ хүргэхийн тулд багийнхан шаргуу ажиллаж байна” гэжээ.
Тус компанийн нисдэг машины Model A хувилбар 2022 онд анх олон нийтэд танилцуулагдсан бөгөөд арван жилийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, мөн замын хөдөлгөөнд оролцох боломжтойгоороо онцлог бүтээгдэхүүн гэж танилцуулсан байна.
Model A нь нэг удаагийн цэнэглэлтээр ойролцоогоор 354 км зайг газар дээр туулах, мөн 177 км зайд нисэх чадалтай гэж мэдээлжээ. Компанийн зүгээс одоогийн байдлаар нийтдээ ойролцоогоор нэг тэрбум ам.долларт хүрэх 3500 ширхэг машины урьдчилсан захиалга аваад байгаа аж.