Потсдамын Уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэнгийн шинэ судалгаагаар 2015 оноос хойш дэлхийн дулаарал урьд өмнө байгаагүй өндөр хурдаар нэмэгдэж эхэлснийг тогтоосон байна. Судлаачид Эль-Ниньо, галт уулын дэлбэрэлт, нарны идэвхийн өөрчлөлт зэрэг байгалийн хэлбэлзлүүдийг тооцооллоос хасаж, дэлхийн температурын бүртгэлийг дахин боловсруулжээ. Ингэснээр температурын өсөлт санамсаргүй хэлбэлзэл бус, статистикийн хувьд бодитой хурдассаныг анх удаа тодорхой харуулсан байна.
Сүүлийн арван жилийн хугацаанд дэлхийн дундаж температур арван жил тутамд ойролцоогоор 0.35 хэмээр өссөн бол 1970-2015 оны хооронд энэ үзүүлэлт арван жилд 0.2 хэмд ч хүрэхгүй байжээ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн хандлага нь 1880 оноос эхэлсэн багажит хэмжилтийн түүхэн дэх хамгийн хурдан дулаарал болж байна.
2015 оноос хойш өөрчлөлт илүү тод ажиглагдаж эхэлжээ
Судалгааны хамтран зохиогч, АНУ-ын статистикч Грант Фостер энэ талаар “Бид ойролцоогоор 2015 оноос эхлэн дэлхийн дулаарал мэдэгдэхүйц хурдассан гэж итгэлтэй хэлж чадна” хэмээн тайлбарлажээ. Түүний хэлснээр байгалийн хэлбэлзлийн “шуугиан”-ыг хасах нь урт хугацааны бодит чиг хандлагыг илүү тодорхой харахад тусалдаг байна.
Эрдэмтэд NASA, NOAA, HadCRUT, Berkeley Earth, ERA5 гэсэн дэлхийн температурын үндсэн таван мэдээллийн санг судалжээ. Байгалийн хүчин зүйлсийн нөлөөг засварласны дараа 2023 болон 2024 он бага зэрэг сэрүүн мэт харагдсан ч хэмжилт эхэлснээс хойших хамгийн халуун жилүүд хэвээр үлдсэн байна. Мөн дулаарлын хурд нэмэгдэж эхэлсэн үе нь 2013-2014 оноос тод мэдэгдэж байгааг судалгаанд дурджээ.
Температурын өсөлтийн хурд хэрхэн өөрчлөгдсөнийг үнэлэхийн тулд судлаачид квадратад суурилсан трендийн шинжилгээ болон дулаарлын хурд өөрчлөгдсөн мөчийг тогтоодог тасархай шугаман загвар гэсэн хоёр төрлийн статистикийн арга ашигласан байна.
1.5 хэмийн босго 2030 оноос өмнө давах эрсдэл нэмэгджээ
Энэхүү судалгаа дулаарал яагаад ингэж түргэссэнийг шууд тогтоогоогүй ч үр дагавар нь маш ноцтой байж болохыг зохиогчид анхааруулсан байна. Судалгааг удирдсан Степан Рамсторф “Хэрэв сүүлийн 10 жилийн дулаарлын хурд энэ хэвээр үргэлжилбэл, Парисын хэлэлцээрээр тогтоосон 1.5 хэмийн дээд босгыг дэлхий 2030 оноос өмнө давж магадгүй” хэмээн мэдэгджээ.
Дэлхийн дулаарлыг тогтоон барих боломж нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг хэр хурдан тэг түвшинд хүргэж чадахаас шууд шалтгаалах юм. Энэ судалгаа нь уур амьсгалын өөрчлөлт улам эрчимжиж байгааг дахин сануулж, хүлэмжийн хий ялгарлыг бууруулах асуудал тогтвортой уур амьсгалыг хадгалахад улам чухал болж байгааг онцоллоо.