CS2 тоглоомын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Мэйжорын плей-офф шат АНУ-д эхэллээ. Орон нутгийн цагаар зургадугаар сарын 19-нд эхэлсэн шийдвэрлэх шатанд дэлхийн шилдэг найман баг үлдээд байна. Тэд аваргын төлөө өрсөлдөх бөгөөд Монголын “The MongolZ” баг дахин нэг удаа шилдэг наймд шалгарсан нь олны анхаарлыг татаж буй.
Плей-оффын нээлтийн тоглолт Оросын “Team Spirit” болон Германы “MOUZ” багуудын хооронд болжээ. Сүүлийн хэд хэдэн тоглолтод “MOUZ” оросуудаас давамгайлж байсан бөгөөд энэ удаа ч ялгаагүй, илүү баг гэдгээ нотолсон. Эхний мап “Mirage”-д “Spirit” нэмэлт цагийн эцэст ялсан ч дараагийн хоёр мап “Dust2” болон “Nuke”-д “MOUZ” ялалт байгуулж, хагас шигшээд шалгарсан байна.
Тоглолтын дараа “Spirit” багийн ахлагч “chopper” багт өөрчлөлт орох эсэх талаар “Багийн эзэн, дасгалжуулагч шийдэх асуудал. Би мэдэхгүй” хэмээн мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн баг бүрэлдэхүүндээ энэ зун дор хаяж нэг шинэчлэл хийх нь тодорхой болсон байна.
Энэ талаар тайлбарлагч “Thorin” дараах байдлаар дүгнэжээ:
“Бид яагаад donk багтайгаа PGL Astana түрүүлсэн ч баярлаагүйг одоо л ойлголоо.”
Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр “Perfecto” (“NAVI”-ийн хуучин тоглогч), “zweih” (“Nemiga”), эсвэл “tN1R” (“HEROIC”) нарын нэг нь тун удахгүй “Spirit” багт элсэж магадгүй гэж үзэж байна.
Багийн фэнүүд “chopper” эсвэл “magixx”-ийн нэгийг багаас гарах хэрэгтэй гэсэн байр суурийг цахим орчинд идэвхтэй илэрхийлж, санал асуулга хүртэл явуулсан байна.
Тэр өдрийн хоёр дахь тоглолт Бразилын багууд болох “FURIA” болон “paiN”-ийн хооронд боллоо. “Nuke” мап дээр “FURIA” түрүүлсэн ч дараалсан хоёр мап болох “Anubis”, “Inferno”-д “paiN” илүүрхэж, 2-1-ээр ялсан юм. “Inferno”-д “FURIA” 12-12 болгож, хожлын итгэл сэргээсэн ч эцэст нь өрсөлдөгчдөө буулгаж чадаагүй. Ийнхүү залуу тоглогчдоор бүрдсэн “paiN” хагас шигшээд шалгарлаа.
Одоо үлдсэн хоёр тоглолт үлдээд байгаа бөгөөд тэдгээр нь дараах хуваарийн дагуу явагдана:
- Vitality vs NAVI — 02:00 цагт
- FaZe vs The MongolZ — 21-ний өглөөний 06:30 цагт
