Алдартай Doom тоглоомын шинэ “талбар” энэ удаа vape болон тооны машин байлаа. Aspire PIXO нэртэй ухаалаг vape төхөөрөмж дээр Doom-ийг ажиллуулсан тухай мэдээлэл хөгжүүлэгчдийн дунд шуугиан тарьж байна.
Vape дээр Doom
Aspire PIXO vape нь ердөө 30 еврогийн үнэтэй боловч нэлээд хүчирхэг хэмээгддэг. Тус төхөөрөмж Puxa PY32F403XC ARM чиптэй бөгөөд 64 KB RAM, 256 KB флаш санах ой, 16 MB SPI санах ойтой. Үүн дээр нэмээд Bluetooth модуль, 323×173 хэмжээтэй LCD дэлгэц, чичиргээний мотор, микрофон зэрэг бүрдэлтэй.
Хөгжүүлэгчид тус vape-д зориулан захиалгат програм хангамж бүтээж, USB-ээр дамжуулан дэлгэцийг хуваалцах боломжийг нээжээ. Үүний ачаар Doom тоглоомыг шууд vape-ийн жижиг дэлгэцэн дээр “дамжуулан тоглох” боломжтой болсон байна. Үнэндээ тоглоом нь гадны компьютерт ажиллаж байгаа ч дүрсийг vape руу дамжуулдаг нь өөрөө техникийн дэвшил гэж үзэгдэж байгаа юм. GitHub хэрэглэгч atc1441 энэхүү төсөлтэй холбоотой код, техникийн баримтуудыг нийтэлжээ.
Тооны машин дээр Doom
Casio тооцоолуурууд дээр Doom ажиллуулсан нь анхны тохиолдол биш. Шинжлэх ухааны тооны машинууд дээр өөрчлөлт хийж Doom тоглох, Minecraft-ын хувилбар суулгах, бүр NES эмулятор ажиллуулах зэрэг сонирхолтой туршилтууд хийгдэж байсан удаатай. Тооны машиныг өөрчлөх нь нэг төрлийн хобби болон тогтжээ.
Doom-ын хамгийн этгээд платформууд
Doom тоглоомын хамгийн “гайхалтай” түүхүүдийн дотор жирэмсний тест, сэрүүлэг, цэнэглэгч, бүр гэдэсний бактер дээр хүртэл ажиллуулсан тохиолдлууд бий. Саяхан Doom ASUS MyPal PDA дээр 2.5 жил тасралтгүй ажилласны дараа л осолдсон нь мөн дуулиан тарьсан. Зарим хөгжүүлэгч бүр Doom-ийг шууд видео карт дээр, ямар ч систем ашиглалгүйгээр ажиллуулж чадсан байдаг.
Дараагийн алхам юу вэ?
Электроникийн төхөөрөмжүүд улам бүр хүчирхэг болж байгаа энэ үед Doom тоглоом дараагийн удаа хаанаас “гарч ирэхийг” таамаглахад бэрх. Гэвч нэг зүйл тодорхой — Doom тоглоом бол дэлхийн хамгийн олон төхөөрөмж дээр ажиллуулсан “сагсгар” сонгодог бүтээл хэвээр байна.
