Tesla компанийн тэргүүн Элон Маск нисдэг машины талаарх олон жил яригдсан санаагаа дахин хөндөж, Жо Роганы подкаст дээр “2025 оны эцэс гэхэд туршилтын загвараа танилцуулахад ойрхон байна” гэж мэдэгдлээ.
“Жеймс Бондын бүх машиныг нэгтгэсэн шиг”
Ярилцлагын үеэр Роган Маскаас удаан хугацаанд хойшлогдсон хоёр дахь үеийн Tesla Roadster-ийн талаар асуухад тэрбээр “дараагийн хувилбар нь нисч чадна” хэмээн нууцлаг байдлаар хэлсэн байна. Маск:
“Энэ үзүүлбэр нь сайн эсвэл муугаар — мартагдашгүй байх болно. Энэ машинд ашигласан технологи бол галзуу. Энэ нь бүх Жеймс Бондын машинуудыг нэгтгэснээс ч илүү галзуу юм,”
хэмээн онцолжээ.
Тэрбээр машин нь эвхэгддэг далавчтай эсэх талаар тодорхой хариу өгөхөөс зайлсхийсэн ч “жилийн эцэс гэхэд туршилтын загвараа үзүүлэхийг хүсч байна” гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч Маск “найдаж байна” гэсэн үгийг онцолж, хугацаа хойшлох магадлалтайг үгүйсгэсэнгүй.
Tesla-ийн дараагийн “сонирхолтой” алхам уу?
Элон Маск өмнө нь олон амбицтай санаачилга гаргаж байсан бөгөөд зарим нь бодит ажил болдог бол зарим нь Hyperloop зэрэг төслүүдийн нэгэн адил урт хугацаагаар хойшлогддог. Тиймээс шинжээчид энэ удаагийн мэдэгдлийг болгоомжтой хүлээж авч байна.
Зарим эх сурвалжууд Маскийн ярьсан “нисдэг машин” нь үнэндээ босоо хөөрөлт, буулт (VTOL) хийж чаддаг цахилгаан онгоцны прототип байх магадлалтай гэж үзэж байна. Ийм төрлийн тээврийн хэрэгслийг олон нийт “нисдэг машин” гэж нэрлэх нь түгээмэл.
Томоохон саад — зохицуулалт ба аюулгүй байдал
Хэрэв Tesla үнэхээр нисдэг машин бүтээж байгаа бол, энэ нь зөвхөн инженерийн биш, харин хууль эрхзүйн болон логистикийн асар их сорилт дагуулах юм. Агаарын хөдөлгөөний зохицуулалт, нисгэгчийн эрх, нислэгийн аюулгүй байдлыг хангах шаардлага зэрэг нь төслийн хамгийн хүнд даалгавар байх болно.
Гэсэн хэдий ч Маск өмнөх туршлагаасаа харвал “боломжгүй” мэт санаануудыг бодит болгох чадвартай гэдгээрээ алдартай бөгөөд Tesla-ийн нисдэг машин олон нийтийн анхаарлыг дахин нэг төвлөрүүлэх нь дамжиггүй.