Lockheed Martin компани F-35 сөнөөгч онгоцны ирээдүйн шинэчилсэн хувилбаруудыг нисгэгчгүй ажиллуулах боломжтой болгохоор төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Жим Тейклет “тавдугаар үеийн нэмэлт хүчин чадалтай” F-35 загварыг танилцуулж, энэ шинэ хувилбар нь илүү сайжруулсан радар, стелс бүрхүүл болон автомат горимыг дэмжих боломжтойг онцолсон байна.
Тейклет “Бид ирэх хоёр гурван жилийн дотор F-35 онгоцыг улам бүр сайжруулж, зургаадугаар үеийн сөнөөгч онгоцны зарим технологийг шилжүүлж чадна гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн. Lockheed Martin өмнө нь АНУ-ын Агаарын хүчний зургаадугаар үеийн сөнөөгч онгоцны NGAD (Next Generation Air Dominance) хөтөлбөрөөс шахагдсан ч, тэр үеэс хойш F-35 загварыг улам боловсронгуй болгож, NGAD-ийн 80 хувийн хүчин чадлыг хямд үнээр санал болгохыг зорьж байгаа ажээ.
Тус сөнөөгч нь орчин үеийн радиоэлектрон дайн, шинэчлэгдсэн радар, инфра улаан туяаны стелс бүрхүүл зэрэг шинэлэг тоноглолуудтай болж магадгүй. Мөн F-35 онгоц 2023 онд нисгэгч катапультлагдсаны дараа 11 минутын турш автоматаар нисч чадсан нь бүрэн автономит хувилбар руу шилжих боломжийг баталсан үйл явдал гэж үзэж байна.
F-35-ийн “нэмэлт чадвартай” хувилбарын тухай анхны мэдээлэл энэ оны эхэнд Lockheed Martin компанийн улирлын орлогын тайлангийн үеэр гарч ирсэн. Тайклетын хэлснээр, “манай F-35 хөтөлбөрийн баг зургаадугаар үеийн 80 хувийн чадамжийг хагас үнээр хүргэх бүрэн чадамжтай” ажээ.
Lockheed Martin компанийн үзэж буйгаар, F-35 нь зөвхөн сөнөөгч онгоц биш харин агаар, газар, тэнгис, сансар болон кибер орчныг нэгтгэж, нэгдсэн ажиллагааг удирдах “тэнгэрийн тоглогч” хэмээгддэг хүчний үржүүлэгч юм. Онгоцны дата боловсруулалт, мэдээлэл хуваалцах чадамж нь олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нисгэгчдэд шинэ эрсдлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Тейклет мөн онгоцны “гаднах хэлбэрийн шугамд тодорхой өөрчлөлтүүд хийгдсэн” тухай дурдаж, хөдөлгүүрийн оролт, яндангийн хэсгүүдэд сайжруулалт хийснээр бүтцийг бүхэлд нь дахин төлөвлөх шаардлагагүй болсныг онцолсон байна.
Гэсэн хэдий ч эдгээр шинэчлэл бүрэн хэрэгжихэд тодорхой хугацаа шаардлагатай аж. Учир нь тоног төхөөрөмж, программ хангамжийн шинэчлэлийг нэгэн зэрэг нэвтрүүлэх боломжгүй бөгөөд үйлдвэрийн чанарыг хадгалахын тулд шинэ боломжуудыг үе шаттайгаар нэвтрүүлэх шаардлагатайг Breaking Defense мэдээлжээ.