Цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт, 4-р улирлын алдагдал
Ford компанийн 2025 оны дөрөвдүгээр улирлын санхүүгийн үр дүн гарч, цахилгаан тээврийн хэрэгслийн (EV) бизнес эргэлт сайтай ч өндөр алдагдалтай хэвээр байгааг харууллаа. Компанийн мэдээлснээр EV хэлтэс нь зөвхөн 4-р улиралд 1.2 тэрбум ам.долларын алдагдал бүртгэжээ.
Цахилгаан тээврийн хэрэгслийн орлого тухайн улиралд 1.3 тэрбум ам.доллар байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7 хувиар буурсан үзүүлэлт болсон. Үүнд Америкийн зах зээл дээр цахилгаан машины татварын хөнгөлөлтийн заримыг алдаж, F-150 Lightning загварын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хэсэгчлэн зогсоосон зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж тайлбарлаж байна.
Жилийн алдагдал, орлогын өсөлт, цаашдын чиглэл
Ford-ын цахилгаан тээврийн хэрэгслийн хэлтэс 2025 оны жилийн тайлангаар 4.8 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс ойролцоогоор 300 сая ам.доллараар бага үзүүлэлт болсон гэж компани онцоллоо. Алдагдал өндөр хэвээр байгаа ч хэмжээ нь багассан нь өртөг бууруулах, бүтцийн өөрчлөлтийн зарим үр дүн гарч эхэлж буйтай холбоотой гэж тайлбарлаж байна.
Цахилгаан тээврийн хэрэгслийн жилийн орлого 2025 онд 6.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2024 оны 3.9 тэрбум ам.долларын түвшнээс мэдэгдэхүйц өсөлт үзүүлжээ. Энэ нь борлуулалтын эзлэхүүн, бүтээгдэхүүний шугамын өргөтгөл, үнэ болон зах зээлийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой байна.
Компанийн нэгтгэсэн нийт орлого 2025 онд 187.3 тэрбум ам.доллар болж, 2024 оны 185 тэрбум ам.доллараас 1 хувиар өссөн нь Ford компанийн хувьд шинэ дээд амжилт болсон гэж тайлагналаа.
Ford-ын гүйцэтгэх захирал Жим Фарли компанийн стратегийн гол чиглэлийн талаар тайлбарлахдаа:
“Бид ашгийн гурван гол чиглэлд анхаарлаа хандуулсаар байна: цахилгаан тээврийн хэрэгслийн гүйцэтгэлийг сайжруулах, эрсдэлийн профайлаа өөрчилж, өсөн нэмэгдэж буй өндөр өгөөжтэй мөчлөгийн эсрэг бизнесийг хөгжүүлэх, дараагийн үеийн гол бүтээгдэхүүнүүдийг бий болгох.” гэжээ.
Ингэснээр Ford компани цахилгаан тээврийн хэрэгслийн сегментэд богино хугацаанд алдагдалтай байгаа ч дунд, урт хугацаанд ашгийн бүтцийг сайжруулах, дараагийн үеийн EV платформ, өндөр өгөөжтэй бизнесийн загвар руу аажмаар шилжих зорилтоо хадгалж байна.