CS2 төрлөөр нэрд гарсан G2 баг Niko болон Monesy гэх хоёр суперстар тоглогчоо Falcons багт алдсан нь олон хүний анхаарлыг татсан. Үүссэн энэ “том алдагдал”-аас хойш SunPayus, Matys гэсэн хоёр шинэ тоглогчийг багтаа элсүүлэн бүрэлдэхүүндээ томоохон шинэчлэл хийжээ. Олон хүн G2-г хуучин хүчирхэг байдлаараа дахин хэзээ ч оршин тогтнохгүй, одоо “доод” баг боллоо хэмээн бодож байв.
Багийн бүтцэд бас нэгэн чухал өөрчлөлт хийгдсэн нь Hunter өмнө нь удаан хугацаанд үндсэн бүрэлдэхүүнд тоглосон ч, энэ удаад багийн ахлагч (IGL) хэмээх үүргийг хүлээн авчээ. Мөн шинэ дасгалжуулагч Saw-тай болж, тактикийн шинэхэн шийдлүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Ихэнх тоглогчдын хувьд ахлагч болсон даруйдаа буудалт нь муудаж, карьер уруудах хандлагатай байдаг бол Hunter энэ үүргийг гүйцэтгэж эхэлсэн ч буудалт нь өндөр хэвээр үлдсэн нь анхаарал татлаа. G2 баг өмнөх шигээ суперстар тоглогчгүйгээр үлдсэн ч шинэ бүрэлдэхүүнээрээ гайхалтай эв нэгдэлтэй тоглон, Blast Open London-д дэлхийн чансааны нэг номерын Vitality-г ялж, аваргын цол хүртэв.
G2 багийн энэхүү цоо шинэ эрин, шинэ амжилтын давалгаа хэр удаан үргэлжлэх бол гэдэг нь сонирхол татсан асуулт болж үлдэж байна.