“Helsing”-ийн шинэлэг бүтээл
Германы “Helsing” компани хиймэл оюун ухаанд суурилсан ирээдүйн дайн дахь гол технологийн нэг болох шинэ дроноо танилцууллаа. “СА-1 Europa” нэртэй уг тулааны дрон нь сүргээрээ хамтран ажиллагаа явуулах чадвартайгаас гадна хүний удирдлагатай сөнөөгч онгоцтой уялдан ажиллах зориулалттайгаар бүтээгджээ.
Нээлтийн үеэр өгсөн мэдээлэл
Мюнхен хотын ойролцоо болсон танилцуулгын үеэр компанийн төлөөлөгчид “СА-1 Europa” дроныг 2027 онд анхны нислэгээ хийх, улмаар дөрвөн жилийн дотор зэвсэглэлд албан ёсоор нэвтрүүлэхээр зорьж буйгаа мэдэгдсэн байна.
Давуу тал ба үүрэг
Шинэ дрон нь өнөөгийн өндөр өртөгтэй сөнөөгч онгоцыг орлох бус, харин:
- ажиллагааг нь дэмжих,
- олон тоогоор үйлдвэрлэн ашиглах боломж олгох,
- тактикийн уян хатан байдал бий болгох шийдэл болж байгаагаараа онцлог юм.
Дэлхийн өрсөлдөөн дунд
Сүүлийн жилүүдэд АНУ, Хятад, Турк зэрэг улсууд хиймэл оюунд суурилсан дроныг өргөнөөр ашиглаж, байлдааны тактикийг эрс өөрчилж байна. Харин Европт цөөн томоохон үйлдвэрлэгч давамгайлж байсан бол “Helsing” шиг гарааны компаниудын хүч түрэн орж ирснээр технологийн өрсөлдөөн улам хурцдаж байна.
Стратегийн ач холбогдол
Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар “СА-1 Europa” нь зөвхөн Германы батлан хамгаалахын чухал хэрэгсэл төдийгүй Европын холбооны хамтарсан аюулгүй байдлын стратегид шинэ суурь болж мэдэх юм.