Google Газрын зураг удаан хугацаанд хэрэглэгчдэд бизнес, хувь хүмүүсийг дагах боломжийг олгосон “Follow” буюу “Дагах” функцээ хаахаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
Анх 2018 онд Android хэрэглэгчдэд, 2019 онд iOS хэрэглэгчдэд зориулан нэвтрүүлсэн “Дагах” товч нь хэрэглэгчид дуртай бизнесүүдийн шинэ мэдээлэл, онцгой хямдрал, арга хэмжээний талаар “For You” табаар дамжуулан хялбархан мэдээлэл авах зорилготой байв.
2020 оноос энэ функц хувь хүнийг дагах боломжтой нийгмийн сүлжээ төстэй хэлбэрт өргөжиж, тухайн хүний үлдээсэн зураг, шүүмж, бичвэр зэрэг нийтэд харагддаг болсон юм. Гэсэн хэдий ч Google энэ чиглэлийг үргэлжлүүлэхээс татгалзаж, хувь хүнийг дагах боломжийг есдүгээр сараас албан ёсоор зогсооно.
Хэрэглэгчдийн өгөгдөл бүрэн устгагдана
Google-ээс мэдэгдсэнээр, таны дагаж байсан болон таныг дагаж байсан хүмүүсийн талаарх бүх өгөгдөл бүрэн устгагдана. Хувийн профайлын нууцлалын тохиргоонд өөрчлөлт орохгүй ч дагагчгүй болсон тул профайлдаа хандах зөвшөөрөл өгөх шаардлагагүй болно. Уг функц сүүлийн үед спам ботовын гол бай болоод байсан тул энэ өөрчлөлт зарим хэрэглэгчдэд таатай мэдээ байж болох юм.
Бизнес дагах боломж өмнө нь хаагдсан
Бизнес дагах функцийг Google аль хэдийн энэ оны нэгдүгээр сард хаасан. Үүнээс өмнө ч “Follow” товчийг бизнесийн жагсаалтаас аажмаар алга болгож эхэлсэн юм.
Орон нутгийн хөтөч — шинэ чиглэл
Хувь хүн дагах боломжийг сонирхож байсан хэрэглэгчдэд Google “Local Guides” хөтөлбөрт нэгдэхийг санал болгож байна. Энэхүү платформоор дамжуулан хэрэглэгчид газрын зурагт шүүмж бичих, зураг оруулах, мэдээлэл засах замаар оноо цуглуулж, илүү нийгмийн оролцоотой, бодит үнэлгээ бүхий орчинд хамрагдах боломжтой юм. Мөн хэрэглэгчид өөрсдийн газрын жагсаалтыг үүсгэж, бусадтай хуваалцах боломжтой хэвээр байна.
Google Maps Rivian-тэй хамтран ажиллаж эхэлжээ
Энэхүү өөрчлөлттэй зэрэгцэн Google автомашин үйлдвэрлэгч Rivian-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Rivian компани өөрсдийн Mapbox дээр суурилсан навигацийн системийг Google Maps Auto SDK-т суурилсан шинэ системээр сольж байгаа бөгөөд ингэснээр жолооч нар бодит цагийн замын хөдөлгөөний мэдээлэл болон байршилт хайлтад хялбар хандах боломжтой болж байна.