Google-ийн шинэ нээлт: Gemini 2.5-ийг Flash-Lite загвараар өргөтгөв

нийтлэгч Содном Энхбаяр
Gemini 2.5

Google компани хиймэл оюун ухааны Gemini 2.5 загваруудын цувралаа шинэ хувилбараар баяжуулж, өнөөдрөөс эхлэн Gemini 2.5 Flash-Lite загварыг урьдчилсан хувилбараар туршилтад оруулж байна. Мөн илүү хүчирхэг Gemini 2.5 Pro болон 2.5 Flash загваруудыг албан ёсоор гаргалаа.

Google-ийн мэдээлснээр Flash-Lite загвар нь өмнөх 2.0 хувилбаруудаас код бичих, математик болон логик сэтгэлгээний сорилд илүү сайн үзүүлэлттэй болсон байна. Энэхүү загварыг их хэмжээний оролт, гаралт бүхий даалгавруудад зориулагдсан бөгөөд орчуулга, ангилал зэрэг олон төрлийн өгөгдөлтэй ажиллагаанд илүү хурдан ажиллах боломжтой.

Үнийн хувьд ч энэ чиглэлд төвлөрчээ. Flash-Lite нь 1 сая оролтын токенд 0.10 доллар, 1 сая гаралтын токенд 0.40 доллар гэсэн хамгийн хямд үнэтэй загвар юм. Гэхдээ нарийн төвөгтэй сэтгэлгээ шаардсан сорилууд дээрх үзүүлэлт нь сул байж, “Humanity’s Last Exam” шалгалтад ердөө 5.1% оноо авчээ.

Гэсэн ч анхаарал татах шинэ боломж нь “Бодох горим” хэмээх нэмэлт функц юм. Энэ горимыг идэвхжүүлснээр загвар илүү удаан хугацаанд боловсруулалт хийж, чадвар нь мэдэгдэхүйц сайжирдаг. Жишээлбэл, математик төвөгтэй сорил болох AIME 2025 шалгалт дээр 49.8%-аас 63.1%-д хүртэл өсөлт үзүүлжээ. Мөн урт баримтаас мэдээлэл шүүн олох чадвар хоёр дахин нэмэгдсэн байна.

Google-ийн хэлснээр хөгжүүлэгчид энэ шинэ загвартай шууд ажиллаж эхлэх боломжтой. Flash-Lite-ийн урьдчилсан хувилбар одоо Google AI Studio болон хөгжүүлэгчдэд зориулсан Vertex AI платформ дээр ашиглахад бэлэн болсон. Харин 2.5 Flash болон 2.5 Pro загварууд илүү тогтвортой, хүчирхэг бөгөөд эдгээрийг мөн дээрх платформуудаар дамжуулан эсвэл хэрэглэгчдэд зориулсан Gemini апп дотор ашиглах боломжтой. Түүнчлэн Flash болон Flash-Lite загваруудын хэрэглээ Google-ийн хайлтын системийн зарим бүрдэл хэсэгт аль хэдийн нэвтэрсэн болохыг тус компани онцолсон.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.