Google удахгүй танилцуулах дунд ангиллын Pixel 10a загварт зориулсан богино видео нийтэлжээ. Үйлдвэрлэгч энэ удаад зөвхөн төхөөрөмжийн гадаад төрхийг харуулсан бөгөөд техникийн үзүүлэлт, үнэ зэрэг нарийн мэдээлэл зарлаагүй байна. Анхны харагдах байдлаар шинэ загвар нь Pixel 9a-тай ерөнхийдөө төстэй бөгөөд дизайн дээр “том шинэчлэл” гэхээр зүйл анзаарагдахгүй байгаа юм.
Албан ёсны дүрслэлүүдээс харахад Pixel 10a-ийн хамгийн тод өөрчлөлт нь арын камерын хийц байна. Өмнөх Pixel 9a дээр байсан жижиг цухуйсан хэсгээс ялгаатай нь энэ удаа арын камерын хэсгийг бүрэн хавтгай болгосон дизайнтайгаар харагджээ. Мөн өмнөх загвартай адил хос арын камер ашигласан хэвээр байгаа аж.
Нийтлэгдсэн видео бичлэгт Pixel 10a-ийн урьдчилсан захиалгыг 2-р сарын 18-наас авч эхлэхийг дурдсан бөгөөд яг тэр үед төхөөрөмжийн бүрэн үзүүлэлт болон үнийг Google танилцуулах төлөвтэй байна.
Энэ мэдэгдэл мөн нэр хүндтэй дотоод мэдээлэгч Эван Бласс X платформ дээр Pixel 10a-тай холбоотой томоохон мэдээлэл нийтэлснээс хэдхэн цагийн дараа гарснаараа анхаарал татлаа.