Google компанийн орчуулгын аппликейшн Gemini хиймэл оюун ухаан дээр суурилсан шинэчлэлт авснаар хэрэглэгчид гадаад хэл дээрх яриаг шууд орчуулан ойлгож, харилцах боломжтой боллоо.
Шинэ “Шууд орчуулга” үйлчилгээ нь бодит цаг хугацаанд харилцан яриа явуулах боломж олгодог. Хэрэглэгч 70 хүртэл хэлнээс (Араб, Тамил зэрэг) сонгон авч, орчуулагчийг идэвхжүүлэхэд л хангалттай. Апп нь ярианы завсарлагааг автоматаар таньж, хэл хоорондын орчуулгыг сааталгүй гүйцэтгэнэ. Сайжруулсан дуу таних технологи нь чимээ ихтэй орчинд ч үр дүнтэй ажилладаг.
Энэхүү боломжийг эхний ээлжинд АНУ, Мексик, Энэтхэгийн Android болон iOS хэрэглэгчид ашиглаж эхлэх юм.
Үүнээс гадна Google нь хэл сурахад зориулагдсан шинэ хэрэгсэл нэвтрүүлжээ. Хэрэглэгчид өөрийн мэдлэгийн түвшин (анхан шатнаас ахисан шат хүртэл) болон зорилгоо тодорхойлж болно. Жишээлбэл: “Аялалд хэрэгтэй яриа” эсвэл “Өдөр тутмын харилцаа” гэх мэт.
Програм нь сонсох болон ярих дадлага бүхий хувийн хичээлийг бий болгодог. Хэрэглэгч хүссэн нөхцөл байдлаа сонгож, жишээ нь “Хоол захиалах” гэсэн сэдвээр дасгал хийж, өөрийгөө шалгахын тулд зөвлөгөө эсвэл сануулга авах боломжтой.
Энэхүү шинэ боломжийг одоогоор англи хэлтэй хүмүүс испани, франц хэл сурахад, мөн эсрэгээр үнэ төлбөргүй ашиглах боломжтой гэж компани онцолж байна.