Google компани орчуулгын үйлчилгээгээ шинэчилж, хиймэл оюун ухаанд суурилсан Gemini технологийг Google Translate болон хайлтын системд нэвтрүүллээ.
Шинэчлэлийн ачаар орчуулга илүү байгалийн, ойлгомжтой болсон байна. Систем нь өгүүлбэрийн утга, нөхцөл байдлыг илүү сайн таньж, хэлц үг, сленг болон орон нутгийн илэрхийллүүдийг шууд үгчлэн бус, утгаар нь дамжуулан орчуулж байна.
Энэхүү шинэчлэл гуравдугаар сарын 26-наас эхлэн iOS болон веб хувилбарт нэвтэрч эхэлсэн бөгөөд одоогоор англи хэл болон испани, герман, хятад, япон зэрэг 20 орчим хэлийг дэмжиж байгаа аж.
Мөн Google яриаг бодит цаг дээр орчуулах шинэ туршилтын боломжийг ч танилцуулжээ. Энэ функц нь чихэвч ашиглан яриаг “шууд орчуулж”, ярилцагчдын өнгө аяс, хэв маягийг хадгалан дамжуулах боломжтой юм.
Уг боломжийг ашиглахын тулд Google Translate аппликейшнд орж, Live Translate горимыг сонгох шаардлагатай. Одоогоор зөвхөн Android төхөөрөмж дээр ажиллаж байгаа бөгөөд 2026 оны сүүлээр iOS хувилбарт нэмэгдэхээр төлөвлөгдөж байна.