Хиймэл оюун ухаан 2025 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээрээ биткойноос давж магадгүй

нийтлэгч Содном Энхбаяр
Хиймэл оюун ухаан

2025 оны төгсгөл гэхэд хиймэл оюун ухаан (ХОУ) биткойн олборлолтоос илүү их цахилгаан зарцуулдаг болох магадлалтай гэж Амстердамын Чөлөөт их сургуулийн судлаач Алекс де Врис-Гао үзжээ. Түүний Joule сэтгүүлд нийтэлсэн шинэ судалгаанд дурдсанаар, өнөөдрийн байдлаар дата төвүүдийн нийт хэрэглээний 20 хүртэлх хувийг ХОУ эзэлж байна.

ХОУ-ын цахилгаан хэрэглээний талаарх нарийн мэдээлэл олдоход хүндрэлтэй байдаг. Учир нь томоохон технологийн компаниуд энэ талаар ил тод мэдээлэл өгдөггүй. Тиймээс судлаач чип үйлдвэрлэлийн хэмжээг харьцуулж, ХОУ-ын нийт хэрэглээг ойролцоогоор тооцоолсон байна. Тэрээр энергийн хэмнэлттэй технологи хөгжиж буй ч ХОУ-д тавигдах эрэлт эрчимтэй нэмэгдэж байгааг анхааруулсан.

Анх криптовалютын өндөр эрчим хүчний хэрэглээг судалж байсан Алекс де Врис-Гао Ethereum сүлжээ илүү хэмнэлттэй систем рүү шилжсэн тул судалгаагаа зогсоохоор төлөвлөж байжээ. Гэвч ChatGPT зэрэг ХОУ-ын системүүдийн өсөлт нь шинэ том хэрэглэгчийг бий болгосон байна.

Хиймэл оюун ухаан болон криптовалют хоёрын ижил төстэй тал нь аль аль нь өндөр хүчин чадал, цахилгаан эрчим хүч шаарддаг өрсөлдөөнд тулгуурласан бүтэцтэй юм. Үүний нөлөөгөөр АНУ-д шинэ дата төв, цахилгаан станц, цөмийн реактор баригдаж байгаа нь эрчим хүчний сүлжээнд ачаалал үүсгэж, “ногоон” эрчим хүчний шилжилтийг удаашруулж болзошгүй.

Google, Microsoft зэрэг компаниуд нүүрстөрөгчийн ялгарлын талаарх тайлан гаргадаг ч, ХОУ-тай холбоотой хэрэглээг тодорхой заадаггүй. Энэ нь ХОУ-ын байгаль орчинд үзүүлэх нөлөөг нарийн үнэлэхэд саад болдог гэж судлаач онцолжээ. 2024 онд ХОУ нь Нидерланд улсын хэмжээнд тэнцэхүйц цахилгаан хэрэглэсэн бол 2025 он гэхэд Их Британийн нийт хэрэглээ буюу 23 гигаватттай тэнцэх хэмжээ хүрч магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна.

АНУ-ын “ICF” зөвлөх компаниас гаргасан судалгаагаар 2030 он гэхэд тус улсын цахилгаан эрчим хүчний эрэлт 25 хувиар өсөх төлөвтэй байна. Гэхдээ энэ нь дата төвийн байршил, эрчим хүчний эх үүсвэр зэргээс хамааран харилцан адилгүй нүүрстөрөгчийн ялгарлыг үүсгэх тул үнэлэхэд хэцүү байдаг.

Цаашид ХОУ-ын эрчим хүчний хэрэглээ буурах эсэх нь тодорхойгүй хэвээр. Жишээлбэл, DeepSeek гэх шинэ загвар Meta компанийн Llama 3.1 загвараас илүү энергийн хэмнэлттэй байгааг харуулсан нь техникийн дэвшлийг заавал өндөр хэрэглээтэй холбох шаардлагагүйг нотолжээ. Гэхдээ “ихийг бүтээх тусмаа илүү сайн” гэсэн хандлагаа технологийн компаниуд өөрчлөх эсэх нь тодорхойгүй байна.

Ethereum сүлжээ хэмнэлттэй систем рүү шилжсэнээр цахилгаан хэрэглээгээ 99.998 хувь бууруулсан. Харин биткойн олборлогчид байгаа төхөөрөмжөө орхих шалтгаангүй хэвээр байгаа тул ижил нөхцөл байдал ХОУ-ын салбарт ч давтагдаж магадгүй. Учир нь шинэ, хэмнэлттэй загварууд гарсан ч ХОУ хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр нийт хэрэглээ нэмэгдсээр байх төлөвтэй байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.