Хиймэл оюун ухаан асар их эрчим хүч хэрэглэж байна, гэвч яг хэдийг гэдгийг хэн ч мэдэхгүй

нийтлэгч Содном Энхбаяр
ChatGPT

ChatGPT нэг асуултад хэдий хэмжээний эрчим хүч зарцуулдаг талаар асуухад OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сам Алтман “0.34 ватт-цаг” хэмээн хариулжээ. Гэвч олон мэргэжилтэн, тэр дундаа Hugging Face компанийн уур амьсгалын ахлах судлаач Саша Луччони энэ тоог эрс шүүмжилж байна. Учир нь уг тооцоонд серверийн хөргөлт, цахилгаан сүлжээний төрөл, гэрэлтүүлэг, сүлжээний төхөөрөмж зэрэг бодит амьдралын нөхцөл байдал тусгагдаагүй аж.

Саша Луччони “Энэ бол зүгээр л хурууны үзүүрээс сороод гаргасан тоо. Тэдний хэрэглэсэн алгоритм, дундаж асуулгын тодорхойлолт ч байхгүй” хэмээн мэдэгдэж, ШОУ хэрэглэгчдийн өсөлттэй уялдан агаар мандалд үзүүлж буй нөлөө улам нэмэгдэж буйг онцлов.

Түүний судалгаагаар 2025 оны тавдугаар сард хэрэглэгдсэн том хэмжээний хэлний загваруудын 84 хувь нь байгаль орчны талаарх ямар ч мэдээлэл нийтлээгүй байжээ. Энэ нь салбар дахь ил тод байдал дэндүү дутмаг байгааг илтгэнэ. “Машин худалдаж авахад шатахуун зарцуулалтын мэдээлэл дагалддаг. Гэтэл бид өдөр бүр ШОУ хэрэглэж байгаа ч үр нөлөө, CO2 ялгаруулалт ямар байгааг мэдэх боломжгүй байна” гэж Луччони онцоллоо.

Өнөөдөр олон нийт дутуу баримтаар дүгнэлт хийж, тэр нь үнэн мэт түгж байна. Жишээлбэл, Alphabet-ийн захирал Жон Хеннессигийн 2023 онд хэлсэн “ChatGPT-ийн нэг асуулга Google хайлтаас 10 дахин их эрчим хүч зарцуулдаг” гэсэн таамаг одоо бараг батлагдсан баримт мэт яригдах болсон.

Үнэн хэрэгтээ бодит байдалд ойр дүгнэлт хийхийн тулд нээлттэй эхийн загваруудтай ажиллах нь хамгийн үр дүнтэй арга. Frontiers of Communication сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд Meta Llama, DeepSeek зэрэг 14 нээлттэй загваруудыг харьцуулсан байна. Үүний үр дүнд зарим загвар ижил өгөгдөл дээр бусдаасаа 50 хувь илүү эрчим хүч зарцуулж байжээ. Учир нь “дотоод сэтгэлийн” маркер хэт их үүсгэх хандлага ажиглагдсан ба үүнээс шалтгаалж зарцуулалт өсдөг байна.

Судлаачдын үзэж байгаагаар энгийн ажилд илүү хөнгөн загваруудыг ашиглах нь оновчтой. Google, Microsoft зэрэг компаниуд аль болох бага чадалтай загвар ашиглахыг зорьдог байна. Гэвч нийтлэг түвшинд технологийн компаниуд ШОУ-ийн эрчим хүчний хэрэглээг бууруулахад дорвитой алхам хийж чадахгүй байна. Гол асуудал нь — хэт их тооцооллын хэрэглээ, хэрэглэгчдэд хурдан хариу өгөх гэсэн шахалт.

Эцэст нь, мэдээллийн ил тод байдал дутмаг байсаар байвал ШОУ дэлхийд хэрхэн нөлөөлж буйг үнэн зөвөөр ойлгоход хэн ч чадахгүй. Саша Луччони “Хэрвээ миний гарт ид шидийн саваа байсан бол ШОУ ашиглаж буй бүх компаниудад CO2 ялгаруулалтын мэдээллээ заавал нийтлэхийг хуульчилна” хэмээн онцолжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.