Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан (ХОУ)-ы хэрэглээ огцом өсөж, энэ технологи ихээхэн хэмжээний ус зарцуулдгийг судлаачид анхааруулж байна. Тодруулбал, ХОУ нь усны хэрэглээг хоёр үндсэн замаар нэмэгдүүлж байна.
Нэгдүгээрт, өгөгдлийн төвүүдэд байрладаг компьютеруудыг хөргөхөд цэвэр ус шаардлагатай. Эдгээр төвүүд нь асар том байгууламж бөгөөд цахим шуудан, дүрс бичлэг зэрэг интернэт дэх бүх мэдээллийг удирддаг. Тэдгээрийн хөргөлтийн системд ашиглагдсан усны 80 орчим хувь нь ууршдаг байна.
Хоёрдугаарт, ХОУ нь дүрс, текст үүсгэх, асуултад хариулах зэрэг ажиллагаанд илүү их цахилгаан зарцуулдаг. Үүний улмаас цахилгаан үйлдвэрлэх явцад мөн ус ашиглагддаг. Жишээлбэл, олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаагаар ChatGPT нь Google-ийн хайлтаас арав дахин их цахилгаан хэрэглэдэг. Энэ нь усны хэрэглээг мөн дагаад өсгөж буй хэрэг юм.
Гэвч технологи хөгжүүлэгч компаниуд усны хэрэглээний бодит хэмжээг бүрэн ил тод мэдээлдэггүй. OpenAI-д хөрөнгө оруулсан Google, Meta, Microsoft зэрэг компаниуд 2020 оноос хойш усны хэрэглээ нэмэгдсэн гэдгийг тайлагнасан бол Amazon энэ талаар огт мэдээлэл өгөөгүй.
Тухайлбал, Google 2024 онд өөрийн дата төвүүддээ нийт 37 тэрбум литр ус ашигласан бөгөөд үүний 29 тэрбум литр нь ууршсан гэж мэдэгдсэн. Энэ хэмжээний ус нь АНУ-ын баруун өмнөд бүсэд байрлах 51 гольфын талбайг бүтэн жилийн турш услах хэмжээтэй дүйцнэ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор энэ хэрэглээ 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна. Үүний улмаас усны хомсдолтой, ган болдог бүс нутгуудад өгөгдлийн төв байгуулахыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөж эхэлжээ. Европ, Латин Америкийн орнууд болон АНУ-ын Аризона мужийн оршин суугчид энэ чиглэлээр эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Испанид “Чиний үүл манай голыг хатааж байна” нэртэй бүлэг байгуулагдаж, Google-ийн Чили, Уругвайд төлөвлөсөн төвүүд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байршлаа өөрчилсөн тохиолдол бий.
“NTT Data” компанийн гүйцэтгэх захирал Абхижит Дубэй хэлэхдээ, дата төв байгуулах хамгийн тохиромжтой газар нь хуурай уур амьсгалтай, том газар худалдан авах боломжтой, сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй, мөн хууль дүрэм нь уян хатан байх ёстой гэжээ. Түүнчлэн чийглэг бүсэд барилга, тоног төхөөрөмж хурдан зэвэрдэг тул хуурай газрыг илүүд үздэг байна.
Google усны хэрэглээний 14 хувийг усны гачигдалтай бүсээс, 14 хувийг дунд зэргийн усны хомсдолтой газраас авчээ. Microsoft нийт хэрэглээнийхээ 46 хувийг усны дутагдалтай нутгаас, харин Meta 26 хувийг их болон маш их усны хомсдолтой бүс нутгаас татан авсан гэж тайландаа дурдсан бол AWS (Amazon Web Services) ямар ч тоон мэдээлэл ил болгоогүй байна.
1 сэтгэгдэл
Технологи нь гайхалтай, гэхдээ бид хүрээлэн буй орчны талаар мартаж болохгүй