Хятадын судлаачид хиймэл оюун ухааны сүүлийн үеийн загварууд нь мэдээллийг ангилан ялгах, боловсруулалт хийхдээ хүний тархины гол механизмтай төстэй үйлдэл үзүүлж байгааг тогтоожээ. Энэ нь ШОУ зөвхөн хариулт дуурайх биш, харин ойлголтод ойртож байгааг харуулсан анхаарал татахуйц дүгнэлт юм.
Гуанжоу хотын Өмнөд Хятадын Технологийн Их сургууль болон Хятадын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар, ChatGPT-3.5 болон Gemini Pro Vision зэрэг томоохон хэлний болон мультимодаль загваруудад янз бүрийн үүрэг өгч, хүний ойлголтын чадварт хэр ойртож байгааг судалсан байна. Тухайлбал, 1854 өөр төрлийн текст болон дүрслэлтэй объектуудаас (нохой, машин, сандал, жимс гэх мэт) аль нь илүүдэл вэ гэдгийг ялгах үүрэг өгч, нийт 4.7 сая оролцогчоос хариулт цуглуулжээ.
Үүний үр дүнд, судалгаанд хамрагдсан 66 ШОУ загвар нь хүний ангиллын логик, хандлагыг дуурайсан байдалтай байгааг тогтоосон бөгөөд эдгээрт “текстур, сэтгэл хөдлөлийн утга агуулга, хүүхдэд ээлтэй байдал” зэрэг төвөгтэй ангиллын шинж чанарууд багтжээ. Үүнээс гадна, текст болон дүрслэлийг нэгтгэх чадвартай мультимодаль загварууд хүний сэтгэлгээний хэв маягтай бүр ч илүү адил төстэй байв.
Судлаачдын хэлснээр, ШОУ загварууд болон хүний тархины хариу үйлдлийг харьцуулсан MRI тархины скан шинжилгээнээс ижил төстэй хандлагууд илэрсэн нь онцгой үр дүн болжээ. Энэ нь ШОУ хүний адил сэтгэх чадварт дөхөж байгааг илтгэж байгаа бөгөөд зөвхөн өгөгдөлд тулгуурласан таамаглал биш, харин ой санамж болон агуулга хүлээн авах үйлдлийг харуулж байгаа юм.
Гэхдээ судлаачид бас нэг чухал зүйлийг онцолж байна. Хэдий ШОУ загварууд таних, ангилах үүрэгт амжилттай суралцаж буй ч, тэдгээр нь хүний адил мэдрэмж болон бодит туршлага дээр суурилсан сэтгэхүйтэй биш. Тэдгээр загварууд өгөгдсөн текст ба дүрснээс уламжлалт загварчилсан хариулт гаргадаг бөгөөд амьдралын туршлага, мэдрэхүй, бие махбодийн харилцан үйлчлэл зэрэг хүчин зүйлс тэдэнд үгүйлэгддэг.
Эрдэмтдийн дүгнэлтээр, хиймэл оюун ухаан ойрын ирээдүйд илүү интуитив, хүний сэтгэхүйд ойр шийдэл боловсруулах чадвартай болж, роботууд, боловсролын систем болон ШОУ дээр суурилсан хамтын ажиллагааны салбарт чухал нөлөө үзүүлэх боломжтой ажээ.