АНУ-д гарсан нэгэн тохиолдол хиймэл оюун ухааны зөвлөгөөг эрүүл мэндийн асуудалд ашиглах нь ямар эрсдэл дагуулж болохыг харууллаа. Өвчтөн хоолны давсны хэрэглээгээ бууруулах, аюулгүй орлуулагч олох зорилгоор эмчтэй зөвлөлдөхийн оронд ChatGPT-ээс зөвлөгөө авч, натрийн бромид хэрэглэхийг санал болгосон хариуг сонгон авчээ. Энэхүү бодис нь натрийн хлоридыг орлож болох ч ихэвчлэн халуун сав ариутгахад ашиглагддаг бөгөөд хоол хүнсэнд хэрэглэх зориулалтгүй. Чатбот энэ чухал мэдээллийг онцлоогүй тул тэр хүн гурван сарын турш уг бодисыг хоолны дэглэмдээ хэрэглэсэн байна.
Удалгүй өвчтөнд сэтгэцийн хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрч, хөрш нь өөрийг нь хордуулах гэж байгаа гэж итгэн эмнэлэгт хүргэгдэв. Эхний өдөртөө л хий үзэгдэл, гаж мэдрэмж улам хүчтэй болж, оргох оролдлого хийснээс үүдэн өөртөө ноцтой аюул учруулах эрсдэлтэй болсон тул сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлжээ. Эмч нар антипсихотик эмчилгээ хийсний дараа өвчтөний байдал тогтворжиж, тэрээр “хиймэл оюун ухаанд суурилсан хоолны дэглэм”-ийнхээ талаар ярьсан байна.
Шинжилгээгээр цусанд нь 1700 мг/л бромид илэрсэн бөгөөд энэ нь хэвийн хэмжээнээс (10 мг/л хүртэл) хэдэн зуу дахин их байв. Ийнхүү бромидын хордлогын улмаас үүсдэг бромизм өвчнийг оношилжээ. Энэ өвчин 20-р зууны эхэн хагаст түгээмэл байсан бөгөөд тухайн үед сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 8 хувь хүртэлх нь бромизмтай гэж тооцогддог байв. Харин 1970–1980-аад оноос бромид агуулсан эмийн хэрэглээг зогсоосноор тохиолдол эрс цөөрч, өнөө үед тун ховор тохиолдох болжээ.
Өвчтөнд гурван долоо хоногийн турш эмчилгээ хийсний дараа ноцтой үр дагаваргүйгээр эмнэлгээс гаргасан байна. Эмч нарын хэлснээр, энэ тохиолдол нь хиймэл оюун ухааны хамгийн дэвшилтэт загварууд ч мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлож чадахгүй, ялангуяа эрүүл мэндэд шууд нөлөөлөх асуудлын үед аюултай болохыг тод харуулсан. Annals of Internal Medicine: Clinical Cases сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурдсанаар ChatGPT болон бусад хэлний загварууд шинжлэх ухааны алдаа гаргах, мэдээллийг шүүмжлэлтэй үнэлэх чадваргүй байх эрсдэлтэй бөгөөд энэ нь аюултай ташаа мэдээлэл тараах нөхцөлийг бүрдүүлдэг гэжээ.