Хиймэл оюун ухаант эмч нартай анхны эмнэлэг Хятадад нээгдлээ – Ирээдүй эхэлж байна!

нийтлэгч Содном Энхбаяр
“Agent Hospital”

БНХАУ-ын Цинхуа их сургууль дэлхийд анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлэг болох “Agent Hospital”-ыг албан ёсоор нээж, эрүүл мэндийн салбарт шинэ эрин үеийг эхлүүллээ. Энэхүү анхны AI эмнэлэг нь 21 төрлийн тасгийн хүрээнд тус бүртээ тусгайлан хөгжүүлсэн хиймэл оюун ухааны төлөөлөгч эмч нарын систем дээр суурилж ажилладаг бөгөөд ирээдүйн эмнэлгүүдийн жишиг болох боломжтой гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Одоогийн байдлаар Agent Hospital-д 14 хиймэл оюунт эмч, 4 сувилагч ажиллаж байгаа бөгөөд өдөрт дунджаар 3000 өвчтөн хүлээн авч оношилж, эмчилгээ хийх чадамжтай. Хүн эмч, эмнэлгийн ажилтны дутагдалтай энэ цаг үед уг систем нь эрүүл мэндийн салбарт хүчирхэг дэмжлэг болж эхэлжээ.

Тус эмнэлэг нь 2025 он гэхэд AI эмч нарынхаа тоог 42 хүргэж, 300 гаруй төрлийн өвчний оношлогоо, эмчилгээнд дэлхийн хэмжээнд цахимаар зөвлөгөө өгөх чадавхитай болохоор төлөвлөж байгаа аж.

Agent Hospital-ын гол давуу талууд:

  • 93.06%-ийн нарийвчлалтай оношлогоо: АНУ-ын эмчийн лицензийн шалгалт болох MedQA-ийн дата дээр хиймэл оюун ухаан 93.06%-ийн үнэлгээ авч, өндөр чадамжтайг харуулжээ.
  • Эрчимтэй хүчин чадал: Хэдхэн хоногт 10,000 гаруй өвчтөнд тусламж үзүүлэх боломжтой нь хүн эмчийн 2 жилийн ажлын хэмжээтэй тэнцэж байна.
  • Олон агентын уялдаа: Хиймэл эмч нар хамтран ажиллаж, хамтын шийдвэр гаргах чадвартай. Энэ нь оношилгооны нарийвчлалыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
  • Сургалтын орчин: Анагаахын оюутнууд болон эмч нар AI системээр дамжуулан онош, эмчилгээний аргачлалтай танилцаж, дадлага хийж болно.
  • Ирээдүйн эрсдэлийг тооцох чадвар: Халдварт өвчний тархалтыг урьдчилан таамаглах, хариу арга хэмжээ боловсруулах боломжтой.

Эмнэлгийн гол систем болох MedAgent-Zero нь бодит өвчтөн биш хиймэл өвчтөнүүдтэй харилцаж, сурч хөгжих чадвартай бөгөөд ингэснээр улам хүнд, ховор тохиолдол бүхий өвчнийг илрүүлэх чадамжтай болдог.

Гэхдээ хиймэл оюун ухаан анагаах ухаанд энэ мэт эрчимтэй нэвтэрч буй нь тодорхой эргэлзээ, асуултыг дагуулж байна. Үүнд:

  • Хиймэл оюун хүнтэй адил нарийн онош тавьж чадах уу?
  • Алдаатай онош тавих тохиолдолд хариуцлагыг хэн хүлээх вэ?
  • AI эмч нар хүнийг орлох уу, эсвэл тэдний туслагч хэвээр үлдэх үү?

Цинхуа их сургуулийн энэхүү шинэ туршилт нь зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн ирээдүйн дүр төрхийг харуулж буй алхам болж магадгүй юм. Хүний болон хиймэл оюуны хамтын ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, хурдан, оновчтой болгох шинэ эрин үе ийнхүү албан ёсоор эхэллээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.