Хятадын Засгийн газар хиймэл оюуны салбар дахь олон улсын хамтын ажиллагааг зохицуулах, дэмжих чиглэлээр дэлхийн хэмжээний байгууллага байгуулах саналыг дэвшүүллээ.
Энэхүү санаачилгыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Шанхай хотноо зохион байгуулагдаж буй хиймэл оюуны асуудлаарх олон улсын бага хурал дээр илэрхийлсэн байна.
Ли Чяны онцолсноор, хиймэл оюуны хөгжлийг технологийн ахиц дэвшил, аюулгүй байдалтай уялдуулан удирдах зорилгоор улс орнуудын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, өргөн хүрээний зөвшилцөлд тулгуурласан олон улсын засаглалын тогтолцоо, дүрэм журам хэрэгтэй байна. Тэрбээр хиймэл оюуныг хариуцлагатай, зохистой байдлаар хөгжүүлэхийн тулд улс орнууд хамтран ажиллах ёстойг онцолжээ.
Хятадын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлаг энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч тус байгууллагын төвийг Шанхай хотод байршуулах боломжийг хэлэлцэж буй талаар мэдээлсэн байна. Түүнчлэн уг санал санаачилгад бусад улс орнууд идэвхтэй оролцож буйг Хятад улс сайшаан хүлээн авч байгааг дурджээ.
Энэхүү шинэ санал нь хиймэл оюуны салбарт АНУ, Хятадын хоорондын өрсөлдөөн нэмэгдэж байгаа цаг үед гарч байгаа бөгөөд ажиглагчдын үзэж буйгаар Хятад улс энэ салбар дахь олон улсын дүрэм журмыг боловсруулахад голлох үүрэг гүйцэтгэх эрмэлзэлтэй байна.