Хятадын Robotera компанийн бүтээсэн шинэ үеийн Q5 хүн дүрст робот нь хиймэл оюун ухаан, өндөр нарийвчлал бүхий инженерчлэл, бодитой харилцааг хослуулсан технологийн цоо шинэ шатанд хөл тавьж байна. Уг робот нь LiDAR ба стерео дүрслэл хослуулсан хараа мэдрэгчээр орчиндоо чөлөөтэй, бие даан, хүн бараг хянах шаардлагагүйгээр гөлгөр хөдөлгөөнтэй, нарийн төвөгтэй орчинд ажиллах чадвартай.
Q5 нь 1650 мм өндөр, 70 кг жинтэй бөгөөд 44 эрх чөлөөний зэрэгтэй. Түүний онцлох нэг хэсэг бол 11 эрх чөлөө бүхий XHAND Lite робот гар юм. Энэхүү гар нь хүний гарын хэлбэр, мэдрэмжийг дуурайсан бүтэцтэй бөгөөд нэг гараар 10 кг хүртэл ачаа барих чадвартай. Үүний зэрэгцээ секундэд 10 хүртэл удаа хариу үйлдэл үзүүлж чадах хурд нь илүү жигд, хүнтэй зохицсон ажиллагааг дэмждэг байна.
Q5 нь виртуал бодит байдал болон мэдрэгчтэй бээлийг ашиглан алсаас бага хоцролттой нарийн ажиллагаа гүйцэтгэх боломжийг олгодог. Харилцааны хувьд хиймэл оюун ухаанд суурилсан дуу хоолойн системтэй тул байгалийн яриа хэлбэрээр харилцаж, асуултад контекстэд нийцсэн ухаалаг хариу өгч чаддаг. Мөн нимгэн бэлхүүс, хүний төрхтэй нүүр зэрэг гиперантропоморф дизайны онцлог нь түүнийг бодит амьдралтай илүү нийцүүлж өгдөг.
Роботын гар манипулятор нь 1380 мм хүрэх чадалтай бөгөөд мөрнөөс дээш буюу газарт ойр обьектод чөлөөтэй хүрч ажилладаг. Уг роботын хэмжээ ердөө 582 х 519 мм тул жижиг, хаалттай орчинд ч өндөр маневрлах чадвартай.
Robotera компанийн мэдээлснээр, Q5 нь эрүүл мэндийн үйлчилгээ, жижиглэн худалдаа, боловсрол болон аялал жуулчлалын салбарт ашиглахад чиглэсэн бөгөөд хэрэглэгчийн үйлчилгээг цоо шинэ түвшинд гаргах боломжтой. Q5 нь EraAI платформ дээр ажилладаг бөгөөд мэдээлэл цуглуулах, загвар хөгжүүлэх, сургах, байршуулах зэрэг хиймэл оюун ухааны бүх амьдралын мөчлөгийг хаалттай гогцоо хэлбэрээр дэмждэг. Тэрээр 60 вольтын тэжээлээр 4 цаг тасралтгүй ажиллах боломжтой.
Robotera нь 2023 оны наймдугаар сард Хятадын Цинхуа их сургуулийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан ба өндөр бүтээмжтэй олон хүн дүрст роботыг зах зээлд гаргаж байгаа юм. Тэдний STAR1 загвар нь 55 эрх чөлөө, 400 Нм-ийн эргэлтийн хүчтэй бөгөөд савхаар банш барих, жигнэмэг уураар болгох, дарс асгах зэрэг нарийн хөдөлгөөн шаардсан үүргүүдийг амжилттай гүйцэтгэж чадсан. STAR1-ийн гол технологи нь XHAND1 робот гар бөгөөд зөвхөн хүн дүрст роботууд төдийгүй цахим спортод ч ашиглах боломжтойгоороо онцлогтой.
Тус компанийн инженерчлэл, хиймэл оюун ухааны нэгдэл нь ирээдүйн роботын тусламжийг огт өөр түвшинд хүргэж байна.