Хүний тархитай адилхан сэтгэж, харж чаддаг чип: Таны ажлыг орлох технологи ирж байна уу?

нийтлэгч Содном Энхбаяр
чип

Австралийн Мельбурн хот дахь Хааны Технологийн Их Сургуулийн инженерүүд хүний тархины ажиллагааг дууриах чадвартай, бодит цагийн мэдээллийг боловсруулж, хөдөлгөөн таних, харааны мэдээллийг хадгалах чадвартай хэт жижиг чип бүтээснээ зарлалаа.

Энэхүү нейроморф чип нь уламжлалт их энерги зарцуулдаг дижитал системээс ялгаатай нь, хүний тархины адил аналог дохио ашиглан мэдээллийг боловсруулдаг тул маш бага эрчим хүч зарцуулж, илүү хурдан шийдвэр гаргах чадвартай. Судалгааны багийн ахлагч, профессор Сумит Валиа энэ технологийг жолоочгүй тээврийн хэрэгсэл, автоматжуулсан робот, хүнтэй харилцах хиймэл оюун ухааны системүүдэд хэрэглэх боломжтой хэмээн онцолсон байна.

Тус чипийг молибдений дисульфид (MoS2)-аар хэдхэн атомын зузаантайгаар хийсэн бөгөөд түүний атомын түвшний жижиг алдаанууд гэрлийг мэдэрч, цахилгаан дохио үүсгэх чадвартай аж. Энэ нь тархины нейронуудын үйл ажиллагаатай ижил, мэдээллийг илүү хурдан, шууд таньж боловсруулдаг.

Судалгааны явцад төхөөрөмж нь хүний гарын хөдөлгөөнийг покадрын бичлэггүйгээр таньж, тухайн үзэгдлийг шууд санах ойдоо хадгалах чадвартай болохыг баталжээ.

Докторын судлаач Тиха Аунг “Бид атомын түвшний MoS2 материалыг ашиглан тархины LIF (leaky integrate-and-fire) нейроны ажиллагааг яг таг дууриаж чадсанаа харууллаа. Энэ нь ирээдүйн импульс нейрон сүлжээний үндсэн элемент болж чадна” хэмээв.

Хэдийгээр энэ технологи одоогоор лабораторийн түвшинд байгаа ч автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл, ухаалаг робот, хамгаалалтын системүүдэд шууд хариу үйлдэл үзүүлэх чадамжийг хэдэн жилийн дараа бодит амьдралд ашиглах боломжтой болно гэж судлаачид итгэлтэй байна.

Одоогоор багийнхан энэхүү туршилтын 1 пиксел бүхий төхөөрөмжийг томруулж, MoS2 дээр суурилсан олон пиксел бүхий матриц хэлбэрээр хөгжүүлж байна. Мөн аналог, дижитал хосолсон шинэ систем боловсруулах ажлыг эхлүүлжээ. Үүнээс гадна баг хамт олон MoS2-с илүү уян хатан, инфра улаан гэрлийн мэдрэмжтэй материалуудыг судалж, хорт бодис, хийнүүдийг шууд илрүүлэх шинэ төрлийн чип бүтээхээр зорьж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.