2025 оны тавдугаар сарын 25-нд Хятад улс хиймэл оюун ухаантай анхны 12 хиймэл дагуулыг амжилттайгаар тойрог замд хөөргөлөө. Эдгээр дагуулууд нь нийт 2800 нэгжээс бүрдэх төлөвлөсөн сүлжээний эхлэл бөгөөд тэдгээр нь мэдээллийг газрын станц руу илгээхгүйгээр, өөр дээрээ шууд боловсруулдаг технологитой гэдгээрээ онцлог юм.
Хиймэл дагуул бүр нь 8 тэрбум параметр бүхий нейрон сүлжээтэй бөгөөд 744 TOPS (тераоперац/сек)-ийн тооцоолох чадвартай. Эдгээр 12 хиймэл дагуулын нийлбэр тооцоолох хүчин чадал нь 5 POPS (петаоперац/сек) болж байгаа нь Microsoft Copilot+ PC-д шаардлагатай 40 TOPS хүчин чадлаас 125 дахин илүү гэсэн үг юм. Уг төслийн эцсийн зорилго нь 1000 POPS бүхий хиймэл дагуулын сүлжээ байгуулах ажээ.
Технологийн онцлогууд:
- Хиймэл дагуулууд хоорондоо 100 Гбит/сек хурдтай лазер холболтоор мэдээлэл солилцдог
- 30 ТБ хэмжээтэй хамтын санах ойтой
- Рентген туяаны поляризацийн детектор зэрэг шинжлэх ухааны багажуудаар тоноглогдсон
- Гамма-цацрагийн дэлбэрэлт ажиглах, гамшгийн мониторинг, виртуал аялал зэрэгт зориулагдсан 3D дижитал ихрүүд үүсгэх чадвартай
South China Morning Post сонины мэдээлснээр, ийм орбитын суперкомпьютерүүд нь холбооны саатлыг багасгаж, эрчим хүчний зарцуулалтыг бууруулж, газрын дата төвүүдтэй харьцуулахад нүүрстөрөгчийн ул мөрийг эрс багасгах давуу талтай. Нарны эрчим хүчээр тэжээгдэж, дулаанаа сансрын вакуум руу шууд тараадаг нь экологийн хувьд өндөр давуу талыг бий болгож байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ижил төстэй хиймэл дагуулын дата төвийн төслүүд тун удахгүй АНУ болон Европын орнуудад ч мөн хэрэгжиж эхэлж магадгүй юм.