Хятад улс Төвдийн өндөрлөгт дэлхийн хамгийн том нарны цахилгаан станцыг байгуулж байгаа бөгөөд энэ байгууламжийн талбай нь АНУ-ын Чикаго хотын хэмжээтэй дүйцэж байна.
Шинэ станц ашиглалтад орсноор 610 хавтгай дөрвөлжин км талбайг хамарч, ойролцоогоор таван сая өрхийг эрчим хүчээр хангах хүчин чадалтай байх юм. Төслийн гуравны хоёр нь аль хэдийн дууссан бөгөөд өмнөх үе шатанд суурилуулсан нарны модулиуд одооноос цахилгаан үйлдвэрлэж эхэлжээ.
Энэхүү томоохон төсөл нь Хятадын нүүрснээс хамаарлыг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах бодлогын нэг хэсэг юм. Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн тооцоогоор 2025 оны эхний хагаст тус улсын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 1 хувиар буурсан нь ялгарлын дээд түвшин 2030 оноос өмнө хүрч болзошгүйг харуулж байна. Шинжээч Лаури Мюллювирта “Хятад анх удаа утааг бууруулах бүтцийн чиг хандлагад шилжиж эхэллээ” гэж дүгнэжээ.
Дэлхийн эрчим хүчний зах зээлд өөрчлөлт
2025 он гэхэд дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт 4 хувиар буурч, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ огцом өсөх төлөвтэй байна. Нар, салхи, цөмийн эрчим хүч нүүрсний ноёрхлыг багасгаж байгаа бөгөөд нар, салхины шинэ төслүүдийн 75 орчим хувь нь зөвхөн Хятадад хэрэгжиж байна.
Гэсэн ч Хятад улс нүүрсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлсээр байна. 2023 онд тус улс 4.3 тэрбум тонн нүүрс хэрэглэж, дэлхийн нийт хэрэглээний 55 хувийг дангаараа бүрдүүлжээ. Тиймээс салхи, нарны үйлдвэрлэлийн хэлбэлзлийг нөхөхийн тулд нүүрсээр ажилладаг станцууд одоогоор чухал байр сууриа хадгалж байна.
Өмнөх төслүүд ба шинэ сорилтууд
Хятад өнгөрсөн жил Шинжаанд 3.5 ГВт-ын хүчин чадалтай нарны станцыг ашиглалтад оруулсан нь тухайн үед дэлхийн хамгийн том байгууламж болж байв. Харин одоо баригдаж буй Төвдийн өндөрлөгийн станц энэ амжилтыг улам давна.
Энэ станц зөвхөн эрчим хүч үйлдвэрлэхээс гадна орон нутгийн байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна. Нарны хавтангийн хүрээний доор өвс ургаж, эгнээ хооронд мал сүрэг бэлчдэг тул бэлчээр нэмэгдэхээс гадна салхи, шороон шуурганаас хамгаалах нөлөө үзүүлнэ.
Гэвч нэг гол бэрхшээл бол газарзүйн байдал юм. Хятадын хүн амын дийлэнх болон аж үйлдвэрүүд зүүн нутгийн хотуудад төвлөрсөн байдаг бол энэхүү том нарны ферм Төвдийн алслагдсан бүсэд байрлаж байна. Тиймээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэрэгцээтэй газарт хүргэхийн тулд олон мянган километр үргэлжлэх өндөр хүчдэлийн шугам татах шаардлагатай болж байгаа юм.
