Хятадууд маглев галт тэргийг 650 км/цаг хүртэл хурдасгаж, дээд амжилт тогтоов

нийтлэгч Содном Энхбаяр
соронзон өргөлтийн галт тэрэг

Хятадын инженер, судлаачид соронзон хөөрөлт бүхий (маглев) галт тэрэгний шинэ загварыг ердөө долоон секундэд 650 км/цагийн хурдтайгаар хурдасгаж, шинэ дээд амжилт тогтоолоо. Энэхүү амжилтыг Хубэй мужийн Дунхугийн лабораторид байрлах ердөө нэг км урттай туршилтын зам дээр бүртгэжээ.

Тэд линеар хөдөлгүүрийг соронзон хөөрөлтийн системтэй хослуулснаар дугуй нь замтай огтхон ч хүрэлцдэггүй. Энэ нь үрэлтээс үүдэлтэй саадыг үгүй болгож, зөвхөн агаарын эсэргүүцэл л галт тэрэгний хурдны цорын ганц хязгаар болж байгаа юм. Систем нь өндөр хурдаар хөөрөх, маш нарийн тооцоолсон тормозны технологиор онцлог аж.

Хятадын хэвлэл мэдээллийн мэдээлснээр, уг туршилтын загварын галт тэрэг дээд хурдаар явах үедээ ердөө 200 метрийн дотор бүрэн зогсох боломжтой байжээ. Судалгааны багийн төлөвлөгөөгөөр уг туршилтын замаар 2025 оны сүүл гэхэд 800 км/цаг хүртэл хурдлах туршилт хийнэ.

Ерөнхийдөө өндөр хурдны галт тэрэгний туршилт нь 30 км буюу түүнээс урт шулуун зам дээр хийгддэг боловч энэ удаад хятадууд өндөр нарийвчлалтай мэдрэгч, хувьсах давтамжтай хөтлөгч, шинэ агаарын эсэргүүцэл багатай бүрхүүл зэргийг ашиглан ердөө нэг км замд гайхалтай үр дүнд хүрчээ.

Энэхүү компакт туршилтын платформ нь цахилгаан системийн хөргөлтийн шинэчлэл, соронзон ороомгийн найдвартай ажиллагааг шалгах, хамгийн үр ашигтай хийц бүхий вагоны хэлбэрийг турших боломжийг олгож байна. Хятад улс одоогоор маглев галт тэрэгний ашиглалтын тоогоор дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд Өмнөд Солонгос, Японыг ардаа орхижээ.

Одоогоор Шанхай хотод 2004 онд Германы Transrapid технологид суурилж нэвтрүүлсэн маглев галт тэрэг 430 км/цагийн хурдтай зорчигч тээвэрлэсээр байна. Харин Дунхугийн лабораторид 650 км/цагийн хяналттай хурдтайгаар туршилт хийснээр дараагийн үеийн хэт хурдан төмөр замын технологийг бий болгох шинэ гарц нээгдэж байна.

Хэрэв тэд энэ оны сүүлчээр төлөвлөсөн 800 км/цагийн хурдад хүрч чадвал, одоогоор туршилтын шатандаа явж буй вакуум орчныг ашигладаг “гиперпетль” технологиудтай өрсөлдөхүйц шинэ түвшинд хүрэх нь дамжиггүй.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.