Хятадын технологийн нэгэн стартап шумуул устгах зориулалттай өндөр нарийвчлалтай лазер төхөөрөмж бүтээсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Photon Matrix нэртэй энэ систем нь нэг секундэд 30 хүртэлх шавьжийг илрүүлэн устгах хүчин чадалтай бөгөөд халдварт өвчин тараагч шумуулыг устгах аюулгүй, ухаалаг шийдэл гэж бүтээгчид нь үзэж байна.
Энэхүү систем нь LiDAR (Light Detection and Ranging) технологиор ажилладаг бөгөөд шумуулын байршил, хөдөлгөөнийг ердөө гурван миллисекундэд тодорхойлж, дараа нь лазер туяагаар устгадаг. Хамгийн чухал нь — төхөөрөмж нь хүн болон амьтныг таних чадвартай бөгөөд тэдгээр рүү огтхон ч чиглэдэггүй.
Indiegogo платформ дээр олон нийтийн санхүүжилт босгож буй энэхүү төхөөрөмжийг анхлан дэмжигчдийн нэг Чанжоугийн Жим Вонг “Photon Matrix нь дотоод болон гадаа аль алинд нь хэрэглэхэд аюулгүй, ямар ч хүн болон тэжээвэр амьтанд хор хөнөөлгүй” гэж онцолсон байна.
Энгийн хувилбар нь 3 метр, Pro загвар нь 6 метрийн радиуст ажилладаг бөгөөд хоёр загвар хоёулаа 90 градусын өнцгөөр орчныг тандаж шумуулыг устгадаг. Мөн төхөөрөмж нь гэрлийн мэдрэгч болон хүрээний LiDAR модуль ашиглан ойр орчны обьектуудыг тодорхойлох чадвартай. Хугарсан LiDAR гэрлээс мэдээлэл авч, шумуулын зай, чиглэлийг маш хурдан тогтоодог.
Үнэ болон хүчин чадал:
• Энгийн хувилбар – 468 ам.доллар
• Pro хувилбар – 668 ам.доллар
Түүнчлэн энэхүү систем нь нэг метр/секунд хүртэлх хурдтай нисэж буй шавьжийг илрүүлж чаддаг ч ялаа, зөгий зэрэг хурдан хөдөлгөөнтэй шавжийг барих магадлал бага. Үндсэн хувилбар нь ердийн батерей эсвэл зөөврийн цахилгаан үүсгүүрээр тэжээгддэг ба усны хамгаалалттай загвартай.
Photon Matrix нь 2026 оны гуравдугаар сард үйлдвэрлэлээ бүрэн эхлүүлэхээр төлөвлөж байгаа ч эхний туршилтын цөөн тооны багцыг 2025 оны аравдугаар сард хэрэглэгчдэд нийлүүлж эхлэх ажээ. Хэрэв уг төхөөрөмж бодит амжилтад хүрвэл халдварт өвчний гол дамжуулагч болсон шумуултай тэмцэх шинэ үеийн зэвсэг бий болно гэж судлаачид үзэж байна.