Хятадын чипний салбар АНУ-тай ижил төвшинд ойртож байна

нийтлэгч Содном Энхбаяр
чип үйлдвэрлэл

АНУ-ын Цагаан ордны технологийн зөвлөх Дэвид Сакс Bloomberg-д өгсөн ярилцлагадаа Хятад улс хагас дамжуулагчийн дизайн боловсруулалтын хувьд АНУ-аас хоцорч буй зөрүүг маш хурдан нөхөж байгааг онцоллоо. Түүний хэлснээр, хоёр орны хоорондын технологийн зөрүү ердөө 1.5-2 жил болж ойртсон бөгөөд Huawei компани экспортын хоригийг тойрон гарах замаар эрчимтэй ахиц гаргаж байгааг дурдав.

Дэвид Саксийн мэдээлснээр Huawei компани шинэ 910C хиймэл оюун ухааны чипээ томоохон хэмжээнд үйлдвэрлэж, нийлүүлэхэд бэлэн болжээ. Энэхүү чип нь өмнөх загварууд болох 910B-ийн хослол бөгөөд гүйцэтгэлийн хувьд Nvidia-ийн H100 чиптэй ойролцоо түвшинд хүрсэн байна. Технологийн үсрэлт гэж хэлэх аргагүй ч энэ шинэчлэл нь Хятадад тооцоолох чадамжийг үлэмж нэмэгдүүлэх боломж олгож байна.

Сакс цааш нь, хэрэв Хятадын чипүүд олон улсын зах зээлд орж ирвэл АНУ-ын компаниуд ноцтой өрсөлдөөнтэй нүүр тулна гэдгийг анхаарууллаа. Тэрбээр экспортын хязгаарлалтыг хэт чангалснаар АНУ өөртөө эсрэг үр дагавар авчрах эрсдэлтэйг сануулсан. Хэт хатуу бодлого нь зөвхөн өрсөлдөгчдийн хөгжлийг хурдасгахаас гадна дэлхий даяарх Америкийн стандартын нөлөөллийг сулруулах магадлалтай гэв.

Мөн тэрбээр Трампын засаг захиргаа Байдены үед батлагдсан GPU экспортын тусгай зөвшөөрөл шаардах журмыг цуцалсныг сануулж, АНУ технологийн тэргүүлэгч байхаа хадгалахын зэрэгцээ аюулгүй байдлын стандартыг хүлээн зөвшөөрөх түншүүдтэй харилцаагаа хадгалах шаардлагатай гэж мэдэгдэв.

Huawei компанийн үүсгэн байгуулагч АНУ-аас GPU үйлдвэрлэлийн нэг үе шат хоцорч байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч, Сакс онцолж хэлэхдээ: “Хиймэл оюун ухааны олон төрлийн хэрэглээнд заавал хамгийн сүүлийн үеийн чип шаардлагагүй. Хэрэв Huawei хангалттай хүчирхэг, боломжийн үнэтэй шийдлүүдийг санал болгож, өөрийн гэсэн экосистемийг бүрдүүлж чадвал дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзлэх бүрэн боломжтой.”

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.