Хятадын эрдэмтэд хамар цэвэрлэх наноробот бүтээжээ – уламжлалт эмчилгээнээс илүү үр дүнтэй гэж үзэж байна

нийтлэгч Содном Энхбаяр
Хятадын эрдэмтэд хамар цэвэрлэх наноробот бүтээжээ

Хятадын болон Хонконгийн судлаачид хамрын бөглөрөл, халдварыг үр дүнтэй арилгахын тулд цахилгаан соронзон удирдлагатай микроскоп робот бүтээсэн тухайгаа мэдээллээ. Энэхүү шинэ бүтээл нь амьсгалын замын бөглөрөл, синусын үрэвсэл зэрэг эмгэгийг уламжлалт эмчилгээний аргуудын оролцоогүйгээр шийдвэрлэх боломжтой хэмээн судлаачид онцолж байна.

Хүн амын дийлэнх нь хамрын битүү, амьсгалахад хүндрэлтэй нөхцөлтэй тулгардаг. Шүршигч, антибиотик хэрэглэсэн ч үр дүн муутай байх тохиолдол олон. Учир нь синусын халдвар, үрэвсэл нь зузаан, наалдамхай био хальс үүсгэдэг бөгөөд энэ нь уламжлалт эмийн бодисыг эсэргүүцэх чадвартай болгодог. Харин шинээр бүтээсэн наноробот нь энэ асуудлыг шийдэх зорилготой юм.

Судлаачид эдгээр микророботуудыг тусгай катализатор материалын тусламжтайгаар бүтээгдсэн гэж тайлбарлав. Уг материал нь нянгийн эсрэг химийн урвал үүсгэж, халдварын голомтыг устгадаг аж. Үүний онцлог нь эм хэрэглэхгүйгээр, хүний биед хөндлөнгөөс халдахгүйгээр буюу инвазив бус аргаар эмчилгээ хийхэд чиглэж байгаа юм.

“Бидний санал болгож буй микророботик эмчилгээний платформ нь инвазив бус, хамгийн бага эсэргүүцэлтэй, эмийн оролцоо шаардлагагүй зэрэг давуу талуудтай” гэж судалгааны багийнхан онцлон дурджээ.

Одоогоор уг технологийг туулай, гахай зэрэг амьтанд туршихад амжилттай үр дүн өгсөн байна. Харин дараагийн шатанд клиникийн туршилт явуулж, хүний биед аюулгүй, үр дүнтэй эсэхийг нягтлах шаардлагатай байгаа аж.

Судлаачдын үзэж буйгаар наноботууд нь эмийн бодисоос ялгаатай нь зөвхөн шаардлагатай хэсэгт хүрч үйлчилдэгээрээ илүү үр ашигтай. Гэсэн ч хүний хамарт робот тээглэж үлдэхгүй байх, биеэс бүрэн гарч чадах эсэх зэрэг асуудлыг сайтар судлах шаардлагатай хэвээр байна. Мөн илүү нарийн удирдлагатай болгохын тулд ашиглаж буй соронзон системийг сайжруулах шаардлага ч бий.

Цаашид ийм нанороботыг зөвхөн хамрын бус, хүний биений өөр эрхтэнд халдвар эсэргүүцэх зорилгоор ашиглах өргөн боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.