Алдаа засах квант алгоритм энгийн чип дээр амжилттай ажиллав
АНУ-ын технологийн аварга компани IBM (International Business Machines) квант тооцооллын хөгжлийг шинэ шатанд гаргасан томоохон дэвшлээ зарлалаа. Тус компанийн инженерүүд квант компьютерын алдаа засах алгоритмыг AMD-ийн стандарт бичил чип дээр ажиллуулж чадсан бөгөөд энэ нь анхны тооцооллоос 10 дахин хурдан гүйцэтгэлтэй байжээ.
Квант компьютер нь уламжлалт 0 ба 1 гэсэн хоёр төлөв дээр ажилладаг битийн оронд кубит (quantum bit) хэмээх квантын нэгж ашигладаг. Кубит нь нарийн физикийн нөхцөлд ажилладаг учир дулааны хэлбэлзэл, цахилгаан соронзон орон, дуу чимээний нөлөөнд амархан “эвдэрч”, мэдээлэл алдах аюултай байдаг.
Ийм алдааг засахын тулд тусгай алдаа засах алгоритмууд шаардлагатай байдаг бөгөөд өмнө нь эдгээрийг зөвхөн өндөр өртөгтэй, тусгай зориулалтын төхөөрөмж дээр ажиллуулж болдог байсан. Харин IBM-ийн шинэ технологиор эдгээр алгоритмыг ердийн үйлдвэрлэлийн AMD чип дээр ажиллуулах боломж бүрджээ.
Квантын ирээдүйд шинэ хуудас
IBM-ийн туршилтад ашиглагдсан чип нь уян хатан бүтэцтэй бөгөөд даалгаврын онцлогоос хамаарч дахин програмчлагдах боломжтой. Энэ нь квант алгоритмыг илүү хялбар, өргөн хүрээнд турших боломжийг нээж байгаа юм.
IBM-ийн Квант судалгааны газрын захирал Жей Гамбетта “Манай алгоритм бодит нөхцөлд найдвартай ажиллаж байгаа бөгөөд өндөр өртөгтэй тусгай төхөөрөмж шаардлагагүй болсон нь квант компьютерийн хөгжлийн хувьд асар том алхам юм” хэмээн онцоллоо.
Түүнчлэн АНУ-ын эрдэмтэд саяхан квант компьютерийн үндэс суурь болж чадах шинэ төрлийн чип бүтээсэн бөгөөд уг төхөөрөмж нь нэг хавтгай дөрвөлжин миллиметрийн хэмжээтэй атлаа орооцолдсон фотон хосуудыг үүсгэх чадвартай гэж мэдээлжээ. Энэ нь ирээдүйн квант тооцооллын төхөөрөмжүүдийн үр ашгийг эрс нэмэгдүүлэх боломжтой гэж судлаачид үзэж байна.