Их Британи батлан хамгаалахын салбарт хиймэл оюун ухаан нэвтрүүлнэ

нийтлэгч Содном Энхбаяр
хиймэл оюун ухаан

Их Британийн засгийн газар батлан хамгаалахын салбарт хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, мөн дайсагнагч улсуудын кибер үйл ажиллагаанд хариу өгөх зориулалттай цахим халдлагын тусгай бүлгүүд байгуулахаар 1.35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсныг тус улсын Батлан хамгаалахын сайд Жон Хили мэдэгдлээ.

Тэрбээр хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх шалтгааныг тайлбарлахдаа, өнөө үед дайн тулаан компьютерын товчлуур дээр өрнөдөг болсон хэмээгээд, кибер орчинд үр дүнтэй хариу арга хэмжээ авах нь батлан хамгаалахын шинэ стандарт болох цаг ирснийг онцлов. Шинэ технологийг ашигласнаар хөнөөлт халдлагыг илрүүлж, урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой байна.

The Daily Telegraph сонинд мэдээлснээр, Их Британийн Батлан хамгаалах яам сүүлийн хоёр жилийн хугацаанд 90 мянга орчим цахим халдлагад өртсөн нь өмнөх онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Эдгээр халдлагын гарал үүслийг Орос болон Хятадтай холбон үзэж байгаа юм.

Их Британийн зэвсэгт хүчин хиймэл оюун ухаанд суурилсан системийн тусламжтайгаар болзошгүй аюулыг автоматаар илрүүлж, эсэргүүцэх стратегийг тодорхойлох судалгаа, туршилтыг Эстони зэрэг технологийн дэвшилтэй улстай хамтран хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус систем аль зэвсэг тодорхой нөхцөлд хамгийн үр дүнтэй байж болохыг ч урьдчилан тооцоолох чадвартай юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.