Их Британийн Засгийн газар ChatGPT-ийг бүтээсэн OpenAI компанитай хамтран хиймэл оюуныг төрийн салбарт ашиглах гэрээ байгуулсан тухайгаа мэдэгдлээ. Гэрээний хүрээнд OpenAI компанид төрийн байгууллагуудын мэдээлэлд хандан хамтран ажиллах эрх олгогджээ.
Гэрээний гол зорилго нь хиймэл оюун дээр суурилсан “мэдээлэл хуваалцах програм” хөгжүүлж, нийгмийн хамгаалал, ардчилсан үнэт зүйлсийг бэхжүүлэхэд чиглэх аж. Мөн тус хамтын ажиллагааны хүрээнд хиймэл оюуны дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж, Их Британид томоохон дата төвүүд барьж байгуулахаар болжээ.
OpenAI компани Лондон дахь салбараа өргөжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар тус салбарт 100 гаруй ажилтан ажиллаж байна.
Гэвч зарим иргэний нийгмийн байгууллага болон мэдээллийн аюулгүй байдлын идэвхтнүүд уг гэрээг шүүмжилж, төрийн чухал өгөгдөл технологийн компаниудын мэдэлд орж байгааг анхааруулсан байна.
Засгийн газрын зүгээс уг гэрээг технологийн хөгжилд хөтлөх стратегийн хамтын ажиллагаа гэж тодорхойлсон бөгөөд OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман “Энэ гэрээ бүх талуудад ашигтай байх болно” хэмээн мэдэгдсэн байна.