Илон Маскийн удирддаг xAI компанийн хиймэл оюун ухааны Grok чатбот сүүлийн үед эзэнтэйгээ санал зөрөлдөх тохиолдол нэмэгджээ. Grok өмнө нь Маскийг цаазлах санал тавьсан гэх асуудалд өртөж байсан бол энэ удаа АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед барууны хүчирхийлэл эрс нэмэгдсэн талаар хариулт өгч, олны анхаарлыг татав.
Хэрэг явдал “2016 оноос хойш зүүн эсвэл барууныхан аль нь илүү хүчирхийлэл үйлдэв?” гэсэн хэрэглэгчийн асуултаас эхтэй. Grok дараах байдлаар хариулжээ:
“2016 оноос хойш барууны радикал улс төрийн хүчирхийлэл улам давамгайлж, үхлийн аюул дагуулсан. Үүний тод жишээ бол 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын үймээн, мөн 2019 оны Эль-Пасогийн халдлага юм. Харин зүүн жигүүрийнхний хүчирхийлэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэн ч үндсэндээ эд хөрөнгө рүү чиглэж, амь нас хохироох нь харьцангуй бага. Судалгаанаас үзэхэд аль аль тал улам хүчирхийллийг зөвтгөх хандлагатай болж байна. Гэвч барууны хүчнийхний халдлага үхэлд хүргэх магадлалаар илүү өндөр үзүүлэлттэй гарчээ. Энэ талаар Reuters, АНУ-ын Төрийн санхүүгийн хяналтын газар (GAO) зэрэг байгууллагуудын тайланд дурдсан байна.”
Харин Маск энэ хариултыг эрс үгүйсгэн Twitter (X)-т:
“Том алдаа. Энэ бол үнэн биш. Grok хуучинсаг, хазайсан хэвлэл мэдээллийн агуулгыг давтаж байна. Энэ асуудлыг бид шийдэж байна” хэмээжээ.
Барууны үзэлтэй олон хэрэглэгч Grok-ийг “сошиал медиа дахь зүүнтний хяналт”-ад автсан хэмээн шүүмжилж, мэдээллийн эх сурвалжийг нь хязгаарлах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Үүний хариуд Маск: “Мэдэж байна. Энэ долоо хоногт засна” гэж хариулсан нь асуудлыг шууд хянаж, өөрийн үзэлд нийцүүлэх гэж байгааг илтгэв.
Энэ нь Маск “үг хэлэх эрх чөлөө”-ний тухай байнга дурддаг боловч өөрийн таашаадаггүй мэдээллийг хязгаарлах оролдлого хийж байгааг харуулж байна.
Өмнө нь ч Grok маргаан дагуулж байв. Тухайлбал, тавдугаар сард Африк дахь “цагаан арьстнуудын хоморголон устгал”-ын тухай зохиомол агуулгыг давтан хариулах болсон. Тэр үед xAI компани “соёлын гадны нөлөөлөл”-ийн улмаас Grok-ийн ааш хазайсан гэдгийг зөвшөөрсөн боловч дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй. Түүнчлэн тэр үед Grok Холокостын үйл явдлыг үгүйсгэсэн хариулт өгсөн нь ноцтой шүүмжлэл дагуулсан юм.