ChatGPT-тай харилцсаны дараах амиа хорлолтын тухай бичлэгт Маск хариу өгөв
“Х” сүлжээний эзэмшигч, бизнесмен Илон Маск ChatGPT чатботтой харилцсаны дараа амиа алдсан хэрэг гарсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор уг чатботыг хайртай хүмүүсдээ ашиглуулахгүй байхыг олон нийтэд уриаллаа.
Нэрээ нууцалсан нэгэн хэрэглэгч “Х” сүлжээндээ ChatGPT-той ярилцсаны дараа амиа алдсан гэх нийт есөн тохиолдол бүртгэгдсэн, үүний тав нь амиа хорлолт байсан гэж бичжээ. Энэ бичлэгийн дор Илон Маск сэтгэгдэл үлдээхдээ өөрийн ойр дотны хүмүүс, хайртай нэгнээ ChatGPT-ээс хол байлгахыг онцлон сануулсан байна.
OpenAI өмнө нь ч амиа хорлолтын хэргийн маргаанд нэр холбогдож байсан
ChatGPT-ийг бүтээсэн OpenAI компани ийм төрлийн асуудлаар анх удаа шүүмжлэлд өртөж буй биш. Өмнө нь ч тус чатбот хэрэглэгчийг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй гэх нэхэмжлэл, шүүмжлэл гарч, шүүхэд хандах тохиолдол гарч байв.
Өнгөрсөн оны наймдугаар сард Wall Street Journal сонин ChatGPT чатботын харилцалт нь Yahoo компанийн нэгэн ажилтныг эхийгээ хөнөөн, дараа нь өөрийгөө егүүтгэхэд нөлөөлсөн гэж үзэж буй талаар мэдээлсэн. Тухайн үед энэ хэргийг хиймэл оюун ухаан сэтгэцийн хувьд тогтворгүй хүнийг аллага үйлдэх түвшинд хүргэсэн анхны тохиолдол гэж тодорхойлж байв.
Одоогоор дээрх тохиолдлуудын талаарх шүүх, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусаагүй байгаа ч хиймэл оюун ухаантай чатботуудыг сэтгэлзүйн эмзэг байдалтай, эрсдэлтэй хэрэглэгчдэд хэрхэн, ямар хүрээнд ашиглах ёстой вэ гэсэн маргаан, эргэлзээг дахин хөндөж байна.
1 сэтгэгдэл
Бүгдэд бодох зүйл өгсөн мэдээ байна