Оросын тал Украин руу хийж буй дайнд SpaceX компанийн Старлинк хиймэл дагуулын интернэтийг “зөвшөөрөлгүй” ашиглаж байсан талаар ил болж, энэ хэрэглээг зогсоох арга хэмжээ авсныг компанийн үүсгэн байгуулагч Илон Маск мэдэгдлээ.
Украинд Старлинкийн үүрэг ба Оросын “зөвшөөрөлгүй” сүлжээ
Бараг дөрвөн жил үргэлжилж буй дайны хугацаанд Украинын зэвсэгт хүчин фронтын шугам дахь холбоо, нисгэгчгүй онгоцны удирдлага зэрэгт Старлинк системийн хэдэн арван мянган терминалыг ашиглаж ирсэн.
Харин сүүлийн өдрүүдэд Оросын алсын тусгалын нисгэгчгүй төхөөрөмжүүд Старлинкийн терминал илрүүлж, өөрсдийн талд энэ системийг далдуур ашиглаж байж болзошгүй талаар мэдээлэгдсэн. Үүний дараа Украинын тал SpaceX-тэй хамтран энэ хэрэглээг зогсоох техникийн арга хэмжээ авч эхэлсэн гэж тайлбарласан юм.
Илон Маск Ням гарагт X хуудсаараа дамжуулан:
“Оросын тал Старлинкийг зөвшөөрөлгүй ашиглаж байгааг зогсоохын тулд бидний авсан арга хэмжээ үр дүнд хүрсэн бололтой. Хэрвээ илүү зүйл шаардлагатай бол бидэнд мэдэгдээрэй”
хэмээн бичиж, асуудалд хариу арга хэмжээ авсныг онцолсон.
Киев Старлинкийн эрх бүхий терминалуудад хяналт тогтоохоор ажиллаж байна
Украины дижитал болон батлан хамгаалах салбарын удирдлагууд Старлинкийг зөвхөн Украин талаас, зөвшөөрөгдсөн хүрээнд ашиглах хяналтын систем дээр ажиллаж байгаагаа нэмж мэдээлэв.
Украины дижитал хөгжил, батлан хамгаалахын дэд бүтцийн бодлогыг хариуцдаг сайд Михаил Федоров сошиал хуудсандаа:
“Украин улс Старлинктэй хамтран Оросын нисгэгчгүй онгоцнуудын эсрэг хурдан үр дүнд хүрэх эхний алхмуудыг хэдийнээ авч нэвтрүүлээд байна. Дараагийн алхам бол зөвхөн эрх бүхий терминалуудыг Украины нутаг дэвсгэр дээр ажиллуулах системийг нэвтрүүлэх юм”
хэмээн тодорхой дурджээ.
Ингэснээр ирээдүйд зөвхөн Украины талын бүртгэлтэй, зөвшөөрөгдсөн терминалууд л тус улсын нутаг дэвсгэрт идэвхтэй байх, Оросын талын болзошгүй далд сүлжээ, хууль бус холболтыг системийн түвшинд хаах зорилго тавьж байна.
SpaceX-ийн байр суурь ба Старлинкийн үүрэг
SpaceX компани 2024 оны хоёрдугаар сард Старлинк үйлчилгээг ОХУ-д худалдаалдаггүй, тийш нь тоног төхөөрөмж нийлүүлдэггүй, мөн “Оросын засгийн газар болон зэвсэгт хүчинтэй ямар ч төрлийн бизнес эрхэлдэггүй” гэсэн албан мэдэгдэл гаргаж байсан.
Оросын түрэмгийлэл эхэлсний дараахан, 2022 онд Киевийн хүсэлтээр Украин Улсад Старлинк үйлчилгээг яаралтай нээж, фронтын шугам дахь холбоо, цэргийн удирдлагын чухал дэд бүтэц болон хувирчээ. Энэ удаагийн “зөвшөөрөлгүй” ашиглалтын асуудал нь хиймэл дагуулын сүлжээ дайнтай бүсэд ямар хэмжээний стратегийн ач холбогдолтой болж хувирсныг дахин харуулж байна.